Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрчээ

Экспортолсон ургамлын гаралтай бүтээгдэхүүний хэмжээ 183.5 мянган тоннд хүрчээ

2025 оны гуравдугаар сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ 183.5 мянган тоннд хүрчээ. Үүнээс 86 хувийг БНХАУ руу гаргасан байна.


Нийт экспортын бүтцийг авч үзвэл таримал ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 75 хувийг, боловсруулсан бүтээгдэхүүн 24 хувийг, модон материал нэг хувийг тус тус эзэлж байна. Таримал бүтээгдэхүүний экспортын дийлэнхийг рапс, тэжээлийн хивэг, өвс бүрдүүлж байна.

Гол нэр төрлийн таримал ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс дурдвал рапс 100.8 мянган тонн, тэжээлийн өвс 23.7 мянган тонн, хивэг 27.9 мянган тонн, төмс 10.8 мянган тонноор экспортлогдсон байна. Мөн чацаргана болон луувангийн шүүс, хушны самар зэрэг бүтээгдэхүүнүүд бага хэмжээгээр гарчээ.
БНХАУ руу хийсэн экспортын бүтцийг задлан үзвэл таримал бүтээгдэхүүн 80 хувь, боловсруулсан бүтээгдэхүүн 20 хувийг эзэлж байна. Тус улсад экспортолж буй ургамлын гаралтай бүтээгдэхүүнд рапс 64 хувь, хивэг 18 хувь, тэжээлийн өвс 15 хувийг эзэлж байна.

Эдгээр үзүүлэлт нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөлттэй, зах зээлийн төвлөрөл өндөр хэвээр байгааг харуулж байна.

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын эрчимтэй өсөлт нь газар тариалангийн салбарт шинэ боломж, сэргэлт болж байна. Тухайлбал, тариаланчдын сэлгээний таримлын сонголтыг өргөжүүлж, хөрсний үржил шимийг дэмжин, ургацын өгөөжийг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, эдийн засгийн үр ашиг улам нэмэгдэн, салбарын тогтвортой өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулах болно гэж үзжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.