🔴А.Ариунзаяа: УИХ-ын дэгийн тухай хуулийг шинэчилнэ
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны гишүүн А.Ариунзаяа гишүүдийн ирц, хариуцлага болон Ёс зүйн дэд хорооны даргыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны гишүүн А.Ариунзаяа:
-Ёс зүйн дэд хорооны дарга Хэрлэнг чөлөөлөхөөр гарын үсэг цуглуулж байгаа гэх албан ёсны мэдээлэл байхгүй. Энэ мэдээллийг цахим орчноос харсан. Дэд хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг харьяа Байнгын хорооны хуралдаанаар санал хурааж шийдвэрлэдэг. Дэд хорооны ирц бүрдэхгүй байгааг зөвхөн даргатай холбон тайлбарлах нь өрөөсгөл гэж үзэж байна. Гэхдээ хэлэлцэх асуудлын дарааллыг хэрхэн оруулж байгаад анхаарах шаардлагатай.
УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал Ёс зүйн дэд хорооны анхаарлын төвд байх ёстой. Ёс зүйн дүрэмд зааснаар тухайн жилдээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таваас дээш хоног буюу 40-өөс дээш цаг хуралдаан тасалсан гишүүнд сануулах, уучлалт гуйлгах, цалингаас хасах гэсэн гурван хэлбэрийн хариуцлага тооцох зохицуулалттай. Өнгөрсөн 2024 оны тухайд УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцож, зургаан сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох шийтгэл ногдуулж байсан. 2025 онд мөн адил 40-өөс дээш цаг тасалсан гишүүдийн хариуцлагын асуудлыг Ёс зүйн дэд хороо нэн тэргүүнд хэлэлцэж, нийгэмд зөв мэдээлэл өгөх ёстой.
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй өдрийн цалинг УИХ-ын Тамгын газраас олгодоггүй. УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд би шинэ санал гаргасан.
Зөвхөн чуулганы нэгдсэн хуралдаан гэлтгүй Байнгын хороо болон албан ёсоор товлогдсон ажлын хэсгийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тухайн өдрийн цалинг олгодоггүй байх саналыг хуулийн төсөлд тусгуулахаар өгсөн.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд чуулганы ирцийг 30-аас дээш хувь тасалсан, эсвэл нэгдсэн хуралдааны шийдвэрүүдийн 30-аас дээш хувьд биечлэн оролцож санал өгөөгүй бол гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болно гэж заасан. Гэвч энэ нь Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хүрээ хязгаарыг давсан гэж үзэх үндэслэлтэй тул ажлын хэсгийн хүрээнд ярилцаж байгаа. Гишүүдийг эгүүлэн татах бус, харин ёс зүй, хариуцлагыг нь бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн сайжруулах талаар тодорхой шийдэлд хүрнэ гэж үзэж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.