🔴Х.Нямбаатар: НИТХ-ын удирдлагууд төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудлыг яг одоо НИТХ-аар хэлэлцэж, шийдвэр гаргана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын ээлжит хуралдааныг хурлын дарга хууль зөрчин хойшлуулсныг буруушааж, төлөөлөгчдийн олонхын саналаар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж байгаа талаар мэдэгдлээ.
Хотын дарга Х.Нямбаатар:
-НИТХ-ын 7 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт товлогдож, 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэвч НИТХ-ын дарга Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн "Туул голоо аваръя" тогтоолын төслийг хэлэлцүүлэхгүй хойшлуулах саналыг үндэслэн, бусад 20 гаруй хойшлуулшгүй асуудлыг орхигдуулан хуралдааныг бүхэлд нь хойшлуулах захирамжийг ганцаараа гаргасан. Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл бөгөөд шатахууны үнийн өсөлт, хот нийтийн аж ахуйн зардал, хөрөнгө оруулалт зэрэг нэн яаралтай шийдвэрлэх асуудлууд гацаанд ороход хүрч байна.
Одоо НИТХ-ын 30 гаруй төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 60-70 орчим хувийн саналаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахаар болж байна. Гэвч хурлын танхимын микрофон болон бусад техник хэрэгслийг салгаж, мэдээлэл технологийн аюулгүй байдалд халдсан үйлдэл гаргасан тул төлөөлөгчид зөөврийн микрофон ашиглан хуралдахаар бэлтгэж байна.
НИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн болон бусад данснаас дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар 13.2 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэх мэдээлэл байгаа. Энэ хөрөнгийг нэр бүхий дүүргүүд рүү шилжүүлж, бэлнээр гаргаж авсан гэх асуудал яригдсан. Цаашид дахин 20-30 тэрбум төгрөг гаргах захирамж гарсан байж болзошгүй. Энэ нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул хурлын даргыг биеэр ирж тайлбар өгөхийг шаардаж байна.
Хурлын дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүй байна. Хэрэв ирэхгүй бол олонхын саналаар хариуцлагын асуудлыг хэлэлцэнэ. Намайг одоогоор ямар нэгэн байгууллагаас дуудаж шалгаагүй. Улс төрийн зорилготой сенсаацид автахгүй байхыг уриалмаар байна. Хуулийн байгууллага дуудсан цагт очиж шалгуулахад бэлэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.