Х.Нямбаатарт өгсөн сануулга буюу Т.Даваадалай, Б.Сэргэлэнбаатар нарыг хорьсон учир
Өнгөрөгч оны есдүгээр сард эхэлсэн МАН-ын хамгийн том зодоон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөөс эхэлсэн түүхтэй.
УИХ дахь МАН-ын бүлэг буюу төрийн дээд эрх мэдэл барьж буй намын төлөөлөл 38/30-аараа хуваагдаж энэ зодоон есөн сар гаруй хугацаанд үргэлжилж байна.
Зодоон улам гүнзгийрч буй нь Нийслэлийн МАН-ын хороо руу орсноос тодорхой харагдаж эхэллээ. НИТХ дахь 45 төлөөлөгч 31/14-өөрөө мөн хуваагдаж, олонхи нь Хотын дарга Х.Нямбаатарын талд, үлдсэн цөөнх нь НИТХ-ын дарга А.Баярын талд орсныг өнөөдөр хуралдсан НИТХ-ын ээлжит XI дүгээр хуралдааны ирцээс харж болно.
Өнгөрсөн хугацаанд МАН-ын хуваагдлаас Х.Нямбаатар нь Нийслэлийн МАН-ын хороотойгоо хамт 30-ын талд буюу Д.Амарбаясгалангийн талд, НИТХ-ын дарга А.Баяр нь Э.Бат-Амгалан сайдын хүн гэдэг утгаараа 38-ын талд харьяалагдаж байсан аж.
Даваа гарагт буюу НИТХ өнөөдөр хуралдана, хуралдах л юм бол НИТХ-ын даргын асуудлыг огцруулах нь тодорхой байжээ. Гэтэл хуулийн байгууллагынхан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг баасан гаргийн орой баривчилсан бол амралтын өдрийг үл хамааран НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг шөнө дөлөөр баривчилсан.
Парламентдаа 38/30-ын бүлэгт, хотдоо 31/14-ийн бүлэгт хуваагдсан МАН-ынхан ана мана ач тач үзэлцэж байна. Гол нь тэд өрсөлдөгчийнхөө туслах, зөвлөх, дэд дарга нараар оролдож, хэн хэндээ сануулга өгөхөөр ийн улайрч буй нь тодорхой.
Нийслэл хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй ч хууль цагдаагийн байгууллага яг улс төрийн өрнөл давхцлыг тооцож, хамаарал бүхий этгээдүүдийг нь шөнө дүлээр, ажлын цаг дууссан байхад ар гэрт нь очиж айлгаж, шалгаж, шаардлагагүй шахам байхад нь хорьж цагдаж байгаа нь эргэлзээ төрүүлж буй хэрэг.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.