Швейцар улс хүн амын өсөлтөө 10 саяд барих эсэхээ санал асуулгаар шийднэ
Швейцар улс хүн амынхаа өсөлтийг хязгаарлах эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал асуулгыг 2026 оны зургаадугаар сарын 14-ний өдөр явуулах гэж байна.
"10 сая хүн амтай Швейцарт үгүй гэж хэлье! (Тогтвортой байдлын санаачилга)" хэмээн нэрлэсэн уг санал асуулгаар тус улсын байнгын оршин суугчдын тоог 2050 он хүртэл 10 саяас хэтрүүлэхгүй байхыг үндсэн хуулиараа баталгаажуулах эсэхийг иргэдээсээ асуух юм.
Уг хуулийн төслийг баруун жигүүрийн Швейцарын Ардын Нам (SVP) санаачилжээ.
Тус улсын хүн ам 2025 оны эцэс гэхэд хэдийнэ 9.1 саяыг давсан бөгөөд шинэ хуульд хүн амын өсөлтөөс хамаарсан хатуу хязгаарлалтуудыг тусгасан байна. Хэрэв 2050 оноос өмнө оршин суугчдын тоо 9.5 саяд хүрвэл засгийн газар орогнол хүсэгчид болон гэр бүл нэгдэх журамд хатуу арга хэмжээ авах ёстой. Харин 10 саяын босгыг давсан тохиолдолд хүн амын өсөлтөд нөлөөлж буй олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг цуцлах үүрэг хүлээнэ. Үүнд, Европын Холбоотой байгуулсан хүмүүс чөлөөтэй зорчих хэлэлцээр багтаж байгаа бөгөөд энэ нь Шенген болон Дублины аюулгүй байдал, орогнолын гэрээнд оролцох Швейцарын оролцоог эрсдэлд оруулах юм.
Хязгаарлалтыг дэмжигчид цагаачлалаас үүдэлтэй "хүн амын тэсрэлт" бий болж байгааг онцолж байна. Тэдний үзэж буйгаар ийм хурдацтай өсөлт нь орон сууц, нийтийн тээвэр, дэд бүтэц, төрийн үйлчилгээнд асар их дарамт учруулж байгаа бөгөөд улс орныхоо амьдралын өндөр чанарыг урт хугацаанд хадгалан үлдэхэд сөргөөр нөлөөлнө гэж тайлбарлажээ.

Нөгөөтэйгүүр, дээрх санаачилга нь эдийн засаг, бизнесийн салбарынхны дунд ихээхэн түгшүүр үүсгээд байна.
Швейцарт үйл ажиллагаа явуулдаг Roche, Novartis, Google, Logitech зэрэг томоохон компаниудын удирдлагууд цагаачлалыг хязгаарлах нь олон улсын шилдэг боловсон хүчнийг татах боломжийг хааж, эрүүл мэнд, мэдээллийн технологи, үйлдвэрлэл, барилгын салбарт ажиллах хүчний ноцтой хомстол үүсгэнэ гэж санаа зовинож, үүнийг анхааруулж байна.
Түүнчлэн, цагаач ажилчид нь харьцангуй залуу бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн ам байдаг тул тэднийг хязгаарласнаар тэтгэврийн сан болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд төвлөрөх орлого арав орчим хувиар буурч, хөгширч буй хүн амын халамжийн системд аюул учруулна гэж шинжээчид үзэж байна.
Санал асуулгын кампанит ажил нийгмийг хоёр хувааж, маш хүчтэй туйлшрал үүсгээд байна. Хамгийн сүүлийн үеийн санал асуулгын дүнгээр дэмжигчид болон эсэргүүцэгчдийн харьцаа тэнцүү байгаа аж.
Эх сурвалж:
• admin.ch
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.