Стресс болон оройн хооллолт ходоод гэдэсний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг
2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нийтлэгдсэн шинэхэн судалгааны тайланд архаг стресс болон шөнө оройн цагаар хооллох зуршил хавсрах нь хүний ходоод гэдэсний тогтолцоонд ноцтой хямрал үүсгэдэг болохыг онцоллоо.
Өнгөрөгч тавдугаар сард болсон Хоол боловсруулах эрхтний өвчин судлалын долоо хоног (DDW) арга хэмжээний үеэр танилцуулагдсан уг судалгаагаар хооллох цагийн хуваарь болон хувь хүний стрессийн түвшин хэрхэн харилцан үйлчилж, эрүүл мэндэд нөлөөлдгийг харуулсан байна.
Нью-Жерси мужийн Гэгээн Мэри болон Гэгээн Клэйрийн эмнэлгийн Нью-Йоркийн Анагаах ухааны коллежийн эмч, доктор Харика Дадигиригээр ахлуулсан судлаачдын баг үүнийг "цагийн хуваарьт хооллолт ба стрессийн тэнхлэг" хэмээн нэрлэжээ.
Судалгаанд оройн 21:00 цагаас хойш өдрийн нийт илчлэгийнхээ 25-аас дээш хувийг авдаг хүмүүсийг "оройн хооллолттой" гэж тодорхойлсон байна. Ийм зуршилтай бөгөөд өндөр стресстэй хүмүүс суулгах, өтгөн хатах зэрэг гэдэсний хэвийн бус үйл ажиллагаанд өртөх магадлал энгийн хүмүүсээс 1.7-2.5 дахин өндөр байгааг тогтоожээ.
Эрдэмтэд Үндэсний эрүүл мэнд, хоол тэжээлийн үзлэг судалгааны (NHANES) 11,000 гаруй, Америкийн гэдэсний төслийн 4,000 гаруй оролцогчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Үр дүнд нь өндөр стресстэй, оройтож хооллодог хүмүүсийн 39.3 хувь нь гэдэсний хямралд орсон бол, стресс багатай, ердийн цагт хооллодог хүмүүсийн ердөө 23.2 хувь нь ийм шинж тэмдэгтэй байжээ. Түүнчлэн физиологийн шинж тэмдгүүдээс гадна эдгээр хүмүүсийн ходоод гэдэсний бичил биетний олон янз байдал мэдэгдэхүйц буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь хооллох цагийн хуваарь "гэдэс-тархины тэнхлэг" буюу тархи, мэдрэл, даавар, гэдэсний бичил биетнийг холбодог харилцааны сүлжээгээр дамжин стрессийн нөлөөг улам эрчимжүүлдэг болохыг харуулж байна.
Өмнөх судалгаанууд оройн хооллолт нь ходоодны хүчил ихсэх, нойр хямрах, таргалалт болон чихрийн шижин өвчинд хэрхэн нөлөөлдөг талаар голчлон судалдаг байв.
Харин энэ удаагийн ажил нь хоол хүнс хэрэглэх цаг, стресс болон бичил биетний эрүүл мэндийн хоорондын өвөрмөц холбоог анхлан гаргаж ирснээрээ онцлог юм. Гэхдээ судлаачид энэхүү судалгаа нь зөвхөн ажиглалтын шинж чанартай бөгөөд нэг цаг хугацааны өгөгдөлд тулгуурласан тул шөнийн хооллолт, стресс, гэдэсний эрүүл мэндийн хоорондын шалтгаан, үр дагаврын холбоог бүрэн баталж чадахгүй гэдгийг санууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.