Хятад эр 32 давхар барилгын 34 давхарт байр худалдаж авчээ
БНХАУ-ын Шэньси мужид нэгэн иргэн баригдаж буй орон сууцны 34 давхарт байр захиалан урьдчилгаа төлсөн боловч тухайн барилга ердөө 32 давхар болон ашиглалтад орсон хачирхалтай хэрэг гарчээ.
Шэнь овогт эр арван жилийн турш хуулийн байгууллагаар явсан бөгөөд саяхан шүүхээс түүний талд шийдвэр гаргасан ч хохирлоо бүрэн барагдуулж чадахгүй нөхцөл байдалтай нүүр тулаад байна.
Хэрэг явдал 2013 онд эхэлсэн байна. Шэнь овогт Сиань хотын ойролцоо баригдаж байсан шинэ хотхонд 90 метр квадрат талбай бүхий орон сууцыг худалдан авах гэрээ байгуулжээ. Гэрээнд уг байр нь 34 давхарт байрлана гэж тодорхой заасан байв. Тэрээр метр квадратыг нь зах зээлийн үнээс гурав дахин хямд буюу 400 орчим ам.доллароор тооцон авсан бөгөөд 117,700 юань (ойролцоогоор 17,400 ам.доллар)-ийн урьдчилгаа төлсөн байна. Барилгын компани 2015 онд түлхүүрийг нь гардуулж, гэрчилгээг дараа нь шийдвэрлэж өгнө гэж амлажээ.
Уг орон сууц хэт хямд байсан нь учиртай байв. Борлуулагч тал үүнийг "хязгаарлагдмал өмчлөх эрхтэй" ангилалд багтдаг гэж тайлбарласан нь хөдөө аж ахуйн зориулалттай газарт зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар баригдсан гэсэн үг юм.
Барилгын ажил удааширч, 2017 онд сая нэг дуусахад хөгжүүлэгч компани үлдэгдэл төлбөрөө шаарджээ. Шэнь түлхүүрээ авах хүртлээ мөнгө төлөхгүй гэдгээ мэдэгдэх үед барилга ердөө 32 давхар баригдсан буюу түүний худалдаж авсан 34 давхар огт оршин байхгүй болох нь илэрсэн байна.
Компанийн зүгээс түүнд 32 давхарт өөр байр санал болгосон ч Шэньд үлдэгдэл төлбөрөө шууд төлөх бэлэн мөнгө байсангүй. Хоёр сарын дараа түүнийг мөнгөө олоод ирэхэд уг байрыг аль хэдийн өөр хүнд зарсан байжээ. Ийнхүү тэрээр мөнгөө буцааж авахаар шаардаж эхэлсэн бөгөөд компани 2020 онд 7,400 ам.доллар, 2022 онд 7,000 ам.долларыг буцаан олгосон ч үлдсэн мөнгийг нь өгөлгүй холбоо тасарсан байна.
Арван жил үргэлжилсэн хуулийн маргааны эцэст 2026 оны тавдугаар сард шүүхээс Шэнийн талд шийдвэр гаргажээ. Шүүх барилгын компанийг үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт буцаан олгож, хугацаа хэтрүүлсний торгуульд 6,500 ам.доллар төлөхийг даалгасан байна. Гэвч эрх баригчид тус компанийн зарцуулалтад хязгаарлалт тогтоосон хэдий ч одоогоор ямар ч хөрөнгөгүй, идэвхтэй банкны дансгүй байгаа тул хохирогч залуу үлдсэн мөнгөнөөсөө нэг ч юань авч чадаагүй хэвээр байна.
Энэхүү үйл явдал нь хууль бус, хямд үл хөдлөх хөрөнгө худалдан авахын эрсдэлийг олон нийтэд харуулсан тод жишээ болж байна.
Эх сурвалж:
• infox.ru
• news.ru
• dzen.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.