Михаил Ходорковскийд эчнээгээр арван жилийн хорих ял оноов
Москва хотын Мещанскийн дүүргийн шүүхээс ЮКОС газрын тосны компанийн эзэн асан Михаил Ходорковскийд эчнээгээр арван жилийн хорих ял оноолоо.
Шүүгч Оксана Горюновагийн удирдсан шүүх хуралдаанаар түүнийг Оросын зэвсэгт хүчний талаар хуурамч мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, ердийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Улсын яллагчийн зүгээс түүнд анх 14 жилийн хорих ял төлөвлөж байсан ч шүүхээс арван жил болгон бууруулжээ. Хорих ялаас гадна түүний цахим хуудас удирдах эрхийг таван жилийн хугацаагаар хязгаарласан байна. М.Ходорковскийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн заалтад тусгагдсан армийн тухай хуурамч мэдээлэл тараах зүйл ангиар буруутгасан бөгөөд уг хэрэг нь түүний X (хуучнаар Твиттер) болон YouTube сүлжээнд нийтэлсэн мэдээллүүдтэй шууд холбоотой юм.
Хэргийн материалд хоёр үндсэн үйл явдлыг онцолсон байна. Эхнийх нь 2022 оны есдүгээр сард нийтлэгдсэн баримт бөгөөд үүнд ОХУ-ын Сангийн дэд сайд Ирина Окладниковагаас Шадар сайд Дмитрий Григоренко руу илгээсэн гэх бичиг багтжээ. Уг баримтад 2022 оны наймдугаар сарын дунд үе гэхэд Оросын 48,759 цэрэг амь үрэгдсэн тухай дурдсан байв. Хоёр дахь нь 2024 оны долоодугаар сард Киев хотын "Охматдит" хүүхдийн эмнэлэгт пуужингийн цохилт өгсөн талаарх видео бичлэг ажээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг М.Ходорковскийн "гурав дахь ял" хэмээн онцолж байна.
Тэрээр өмнө нь ЮКОС компанийг удирдаж байх үеийнхээ эдийн засгийн гэмт хэргүүдээр хоёр ч удаа ял сонсож, арав орчим жилийг торны цаана өнгөрүүлсэн билээ. 2013 оны сүүлээр Ерөнхийлөгч Владимир Путины өршөөлөөр суллагдаж, улс орноо орхин гарсан тэрээр өдгөө ОХУ-ын Хууль зүйн яамны "гадаадын агент"-ын жагсаалт болон хэт даврагч, террористуудын бүртгэлд орсон хүн юм. Түүнчлэн 2025 оны аравдугаар сард ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас түүнийг "Оросын дайны эсрэг хороо"-г байгуулсантай нь холбогдуулан төрийн эрхийг хүчээр булаан авахыг завдсан, террорист бүлгэм байгуулсан хэргээр нэмж буруутгасан байдаг.
М.Ходорковскийн хэрэгтэй зэрэгцэн Москвагийн Головинскийн дүүргийн шүүхээс "Дождь" телевизийн сэтгүүлч Валерия Ратниковад мөн ижил үндэслэлээр 7 жил 6 сарын хорих ялыг эчнээгээр оноожээ.
М.Ходорковский сүүлийн 12 гаруй жил гадаадад амьдарч байгаа тул түүнийг баривчилсан, эсвэл ОХУ-д шилжүүлэн өгсөн өдрөөс эхлэн ялыг албан ёсоор тооцож эхэлнэ хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж:
• m.ok.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.