Улсын хилээр бичиг баримтгүй нэвтэрсэн вьетнам иргэнийг шүүхэд шилжүүлэв

Улсын хилээр бичиг баримтгүй нэвтэрсэн вьетнам иргэнийг шүүхэд шилжүүлэв

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нэгэн иргэн энэ оны хоёрдугаар сарын 22-нд улсын хил зөрчиж яваад баригджээ. Тэрбээр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр, хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар нууцаар, ямар ч баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтрэн гарсан аж. Улмаар Хятадын хилээр нэвтрэн орсон байна.

Тэр үед нь өмнөд хөршийн хилчид саатуулан хилийн төлөөлөгчдийн уулзалт зохион байгуулж, манай улсад шилжүүлэн өгсөн аж. Уг вьетнам эрийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчид шалгаад Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсгийн “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Түүнээс гадна Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор танилынхаа машинд нуугдан хил зөрчихийг завдсан манай улсын иргэн Д.А-д дээрх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болжээ. Тэрбээр Д.Г гэх хүнтэй тохиролцон машинд нь нуугдаж байсныг хилчин шалгагчид илрүүлсэн байна. Уг хоёр хүнийг бүлэглэж улсын хил зөрчихийг завдсан хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр Д.А нь хилээр гарах эрхийг нь хязгаарласан байхад ийм аргаар нэвтрэх гэж оролдсон гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.