Японы Үцүномия хотод баавгай орж ирсний улмаас 94 сургуулийг хаалаа
Япон улсын Үцүномия хотын төв хэсэгт зэрлэг баавгай орж ирсэнтэй холбогдуулан орон нутгийн захиргаанаас харьяа 94 бага, дунд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Токио хотоос хойд зүгт 100 километрийн зайд орших 510 мянган хүн амтай тус хотод хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уг шийдвэрийг гаргасан бөгөөд одоогоор амьтныг барих, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Уг зэрлэг амьтан анх зургаадугаар сарын 6-ны орой орон сууцны хорооллын цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд харагдсан байна. Маргааш үүрээр нь хотын төв хэсгийн худалдааны гудамжинд хоёр хүний хажуугаар гүйж өнгөрч буй дүрс хяналтын камерт бичигджээ. Хамгийн сүүлд зургаадугаар сарын 8-ны өглөөний 04:00 цагийн орчимд хотын төвөөс хоёр километрийн зайд байрлах үйлдвэрийн бүсэд дахин үзэгдсэн байна. Үцүномия хотын түүхэнд өмнө нь хүн ам шигүү суурьшсан төв хэсэгт баавгай орж ирсэн тохиолдол огт бүртгэгдэж байгаагүй юм.
Одоогоор орон нутгийн цагдаагийн газар, анчдын холбоо болон хотын захиргааны ажилтнуудаас бүрдсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг баавгайг эрэн хайж байна. Хотын захиргаанаас чанга яригчтай автомашинууд дайчлан гудамж талбайгаар эргүүл хийж, иргэдэд хаалга цонхоо сайтар түгжих, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.
Сүүлийн жилүүдэд баавгай суурьшлын бүс рүү нэвтэрч, хүн рүү халдах тохиолдол эрс нэмэгдэх хандлагатай байна. Он гарснаас хойш Япон улсын хэмжээнд баавгай үзэгдсэн 50 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ойд самар зэрэг идэш тэжээл хомстсон нь баавгай хүн ам суурьшсан бүс рүү олноороо орж ирэх болсон гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж:
• isee.mn
• news.mn
• graph.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.