Жэффри Эпштэйний туслах Лесли Грофф Конгресст мэдүүлэг өгчээ
Жэффри Эпштэйний туслахаар ажиллаж байсан Лесли Грофф АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, шинэчлэлийн хороонд 2026 оны 6 дугаар сарын 9-ний мягмар гарагийн өглөө мэдүүлэг өглөө.
Тэрээр 2001 оноос эхлэн 2019 оны долоодугаар сард Эпштэйнийг баривчлагдах хүртэл хамтран ажилласан бөгөөд бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн талаар ямар ч мэдээлэлгүй, үүнд огт оролцоогүй хэмээн хууль тогтоогчдод мэдэгдэж, өөрийгөө "хуйвалдагч биш" гэж тодорхойлсон байна.
Сонсголын үеэр Л.Грофф хуучин боссыгоо "чадварлаг манипулятор, заль мэхлэгч" байсан хэмээн буруутгав. Түүний тайлбарласнаар, Эпштэйн өөрийн хууль ёсны бизнесийн үйл ажиллагааг далд гэмт хэргээсээ маш нарийн тусгаарлаж чаддаг байсан тул нарийн бичгийн даргынхаа нүдэн дээр энэ хоёр ертөнцийг хэзээ ч огтлолцуулж байгаагүй гэв. Түүнчлэн залуу эмэгтэйчүүд, охидтой уулзах цаг товлодог байсан үйлдлээ зөвтгөхдөө тэдгээр хүмүүсийг жинхэнэ "иллэг засалч" гэж чин сэтгэлээсээ итгэж байсан хэмээн мэдүүлжээ.
Өөрийгөө гэмт хэргээс тусгаарлахын тулд тэрээр Эпштэйнтэй нийгмийн харилцаанд орж байгаагүйгээ онцолсон байна. Хувийн онгоцоор нь нисэж, шоронд эргэж очоогүйгээс гадна Палм Бич дэх харш, хувийн арал болон Нью-Мексико дахь эдлэн газарт нь хэзээ ч очиж байгаагүй гэдгээ хорооны гишүүдэд хэлжээ. Гэсэн хэдий ч Хууль зүйн яамны сая сая хавтаст хэрэгт авагдсан хохирогчдын мэдүүлгээр Л.Грофф нь бэлгийн хүчирхийлэл үйлдэгддэг байсан, "иллэгийн цаг"-ийг товлохын тулд заавал холбогдох ёстой гол хүн байсан гэдгийг Холбооны мөрдөх товчоонд өмнө нь мэдээлж байжээ.
Тэрээр 2008 онд Флоридагийн холбооны прокуроруудтай байгуулсан Эпштэйний маргаантай ял үл оноох гэрээнд хамтран хуйвалдагч байж болзошгүй хүмүүсийн жагсаалтад багтсан ч эрүүгийн хэрэгт татагдаж байгаагүй юм. Төлөөлөгчдийн танхимын хорооны Ардчилсан намын ахлах гишүүн Роберт Гарсиа сонсголын өмнө Л.Гроффыг Эпштэйний байгууллагын "маш чухал хүн" байсан гэдгийг дурдаад, түүний юу харж, гэрчилсэн талаар олон асуулт байгааг сануулж байв. Энэхүү байцаалт нь Хяналтын хорооноос Эпштэйний сүлжээг шалгах өргөн хүрээний мөрдөн байцаалтын нэг хэсэг юм.
Л.Гроффоос гадна өөр нэг удаан хугацааны туслах болох Сара Келлен 2026 оны тавдугаар сарын сүүлээр тус хороонд хаалттай мэдүүлэг өгсөн байна.
Л.Гроффоос ялгаатай нь С.Келлен өөрийгөө Эпштэйний бэлгийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж, төөрөгдөлд орж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Майами Бич хотын дарга асан Филип Левин, Францын алдартай үсчин Фредерик Феккай нарын гурван эрэгтэйг хүчирхийлэгчээр нэрлэжээ. Үүний дараа хууль тогтоогчид Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчид захидал илгээж, С.Келлениний гаргасан гомдлыг холбооны прокуроруудаар шалгуулах хүсэлт тавиад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.