Амь үрэгдсэн цэргүүдийн бэлэвсэн эхнэрүүд нөхрөөсөө хүүхэдтэй болохыг зорьж байна
Украины дайны уршгаар амь үрэгдсэн цэргүүдийн орос бэлэвсэн эхнэрүүдийн дунд "нас барсны дараах нөхөн үржихүй"-н асуудал нийгэм, хууль эрх зүйн гол сэдэв болоод байгаа талаар тус улсын томоохон хэвлэлүүд бичиж байна.
Олон нийтийн зүтгэлтнүүд үүнийг улс орны "мөхөж буй генийн сан"-г хадгалж үлдэх арга зам хэмээн тодорхойлж байгаа бөгөөд эмэгтэйчүүд амь үрэгдсэн нөхрийнхөө хөлдөөсөн үрийн шингэнийг ашиглан жирэмслэх хөдөлгөөн эрчимтэй өрнөж эхэлжээ.
ОХУ-ын Иргэний танхимын гишүүн Екатерина Колотовкина тэргүүтэй идэвхтнүүд "Бидний генийн сан зүгээр л устаж үгүй болж байна" хэмээн мэдэгдэж, хамгийн шилдэг эрчүүд фронтод амь үрэгдэж байгаа тул хүн ам зүйн гүнзгий хямралтай тэмцэхийн тулд төрөөс тэдний хүүхдийг төрүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байна.
Энэхүү санаачилгын хүрээнд Москва хотын Хүний эрхийн комиссар Людмила Айвар болон бусад нийгмийн зүтгэлтнүүд цэргүүдэд зориулсан улсын санхүүжилттэй "Үрийн шингэний банк" байгуулахыг санал болгожээ. Ингэснээр цэргүүд тулаанд явахаасаа өмнө генетикийн материалаа үнэ төлбөргүй хөлдөөж, амь эрсэдсэн тохиолдолд эхнэрүүд нь ашиглах хууль эрх зүйн тодорхой зохицуулалттай болох юм.
Шүүхийн практикт хэд хэдэн амжилттай тохиолдол бүртгэгдээд байна.
Тухайлбал, 2026 оны гуравдугаар сард Сургут болон Екатеринбург хотын оршин суугч, 43 настай Мария Соколова 2025 оны зургаадугаар сард амь үрэгдсэн дэд хурандаа Вадим Алёшины хөлдөөсөн үрийн шингэнийг ашиглан үр шилжүүлэн суулгах эхний оролдлогоороо амжилттай болж, жирэмсэлжээ. Эмнэлэг талийгаачийн "зөвшөөрөл" байхгүй гэх шалтгаанаар үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан ч тэрээр 2025 оны аравдугаар сард шүүхэд ялалт байгуулсан байна. Мөн 2025 оны сүүлээр Екатеринбург хотын Верх-Исетскийн дүүргийн шүүх 39 настай Тамара Лежневад 2024 онд амь үрэгдсэн нөхөр Роман Папийн генетикийн материалыг ашиглахыг зөвшөөрсөн бол, Уфа хотын оршин суугч Альбина нөхөр Василийг фронтод явахаас өмнө хөлдөөсөн үр хөврөлийг ашиглах эрхийн төлөөх шүүхийн маргаанд ялжээ.
Хэдийгээр эдгээр амжилттай жишээнүүд байгаа ч ОХУ-ын хууль тогтоомжид "нас барсны дараах нөхөн үржихүй"-н талаарх тодорхой зохицуулалт одоогоор байхгүй байна. Одоогийн мөрдөгдөж буй журмаар үр шилжүүлэн суулгах үйл явцын үе шат бүрд хоёр талын гарын үсэг бүхий зөвшөөрөл шаарддаг тул эмнэлгүүд бэлэвсэн эхнэрүүдэд үйлчлэхээс татгалздаг. Үүний улмаас эмэгтэйчүүд нөхрийнхөө хүүхэдтэй болох хүсэлтэй байсныг нотлохын тулд шүүхийн урт хугацааны, хүнд сурталтай тэмцэл хийхэд хүрч байна.
Эх сурвалж:
• news.ru
• infox.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.