ХЭҮК: Энгийн гэрэл зураг нийтэлснийг биометрик буюу эмзэг мэдээлэл задруулсан гэж үзэхгүй

AI хөрвүүлсэн
ХЭҮК: Энгийн гэрэл зураг нийтэлснийг биометрик буюу эмзэг мэдээлэл задруулсан гэж үзэхгүй

Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганхуягийн гэрэл зургийг нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг торгосон асуудлаар дотоод хяналт шалгалт явуулж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох болсон талаар мэдээллээ.

ХЭҮК-ийн Тамгын газрын даргын А/53 дугаар тушаалаар байгуулагдсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт хийсэн байна. Шалгалтаар тухайн албан тушаалтан нь иргэн Н.Ганхуягийн гомдлыг шалгахдаа хариуцсан Комиссын гишүүн Г.Нарантуяагийн өгсөн чиглэлийг зөрчиж, танилцуулалгүйгээр дур мэдэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичиг шилжүүлсэн нь тогтоогджээ. Үүний улмаас цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар "Zuv.mn" сайтыг 20 сая төгрөгөөр торгох нөхцөл бүрджээ.

Гомдлыг хянан шийдвэрлэхдээ Н.Ганхуяг нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд зааснаар "нийтийн албан тушаалтан"-д хамаарах этгээд болохыг нягтлан шалгаж, харгалзан үзээгүй зэрэг ноцтой зөрчлүүд гаргасан гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Дээрх зөрчлүүдийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хэлтсийн дарга Н.Ганхуягийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Тамгын газрын даргад хүргүүлсэн байна. Одоогийн байдлаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах сонсох ажиллагаа явагдаж байгаа аж. ХЭҮК нь хараат бус байгууллага бөгөөд ажилтныг томилох, чөлөөлөх эрх нь зөвхөн Тамгын газрын даргад байдаг тул Ерөнхий сайд болон УИХ-ын даргын зүгээс шууд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх боломжгүй гэдгийг албан ёсоор тайлбарлалаа.

ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа:

-Сэтгүүл зүйн бүтээлд ашигласан нийтийн албан тушаалтны гэрэл зураг нь "биометрик мэдээлэл" биш. Хүний нүүр царайг тусгай тоног төхөөрөмж, программ хангамжийн тусламжтайгаар хэн болохыг нь тогтоох зорилгоор ашигласан тохиолдолд л биометрик мэдээлэлд тооцогддог. Энгийн гэрэл зургийг нийтэлснийг биометрик буюу эмзэг мэдээлэл задруулсан гэж үзэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь ХЭҮК-ийн ажилтны гаргасан мэргэжлийн ноцтой алдаа.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд сэтгүүл зүйн болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, ашиглаж болно гэж заасан байдаг. Торгуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь шийтгэврийг гардаж авснаас хойш тав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. ХЭҮК-ийн зүгээс гаргасан энэхүү албан ёсны хууль зүйн дүгнэлт нь тухайн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.