🔴Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн хэмнэлт хийж тэтгэврийн реформыг хэрэгжүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж, тэтгэвэр болон нийгмийн даатгалын тогтолцоонд цогц шинэчлэл хийхээр болсныг мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Одоогийн тогтолцоог өөрчлөхгүй бол Нийгмийн даатгалын сангийн алдагдал 2050 он гэхэд 40 их наяд төгрөгт хүрч, улс тэтгэвэр тавьж чадахгүй эрсдэлд орно. Тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан 10 хувиар хавтгайруулан нэмдэг нь шударга бус. Үр дүнгүй гэж Засгийн газар үзэж байна. Тэтгэврийн зөрүүг арилгах, олон жил шимтгэл төлсөн иргэдийг урамшуулах зорилгоор "Баталгаат тэтгэвэр"-ийн тогтолцоог нэвтрүүлнэ. Өндөр насны тэтгэвэр авч буй 504 мянган иргэнд ажилласан жилээс нь хамааруулан 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврийг нэмж олгох юм. Мөн 2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан 141 мянган иргэний тэтгэврийг бодох цалингийн дээд хязгаар 1.4 сая төгрөг байсныг 2.4 сая төгрөг болгон шинэчлэн бодож, тэтгэврийн зөрүүг арилгахаар төлөвлөсөн.
25-аас дээш жил шимтгэл төлсөн тохиолдолд илүү ажилласан жил тутамд бодогдох 1.5-аас хоёр хувь болгон өсгөнө. Мөн 35 жил ажилласан иргэний тэтгэврийг цалингийнх нь 72.5 хувь болгож нэмэгдүүлнэ. Тэтгэвэрт гарах насаа хойшлуулж, илүү ажилласан жил тутамд тэтгэвэр бодох хувийг дөрвөн хувиар нэмэгдүүлэх бол, эрт гарах хүсэлтэй иргэдийнхийг жил тутам дөрвөн хувиар хасаж тооцох шударга зохицуулалтыг хийх гэж байна.
Тэтгэврийн тогтолцоог хагас хуримтлалын систем рүү бүрэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. 1960 оноос хойш төрсөн иргэдэд үүсгэсэн нэрийн дансны арга үр дүнгүй нь батлагдсан. Иргэн өөрөө хуримтлалаа удирддаг, хянадаг тогтолцоог бүрдүүлнэ. Иргэн цалингийнхаа нэг хувийг хуримтлуулбал Засгийн газраас 0.5 хувийн дэмжлэг үзүүлж, уг мөнгийг үнэт цаас, бонд хэлбэрээр өсгөх боломжийг тусгай аппликейшнээр дамжуулан олгоно. Мөн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг батлуулж, хувийн тэтгэврийн санд шимтгэл төлсөн иргэдийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх зэрэг олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн (НДШ) дарамтыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргасан. Үүнд, 22 нас хүртлээ хөдөлмөр эрхэлж буй оюутныг НДШ-ээс бүрэн чөлөөлнө. Давхар ажил эрхэлдэг иргэн хоёр хүртэлх гэрээгээ сонгож шимтгэл төлөх боломжтой болно. Мөн тав хүртэлх ажилтантай бичил бизнес эрхлэгчийн гурван ажилтныг НДШ-ээс чөлөөлөх, албан бус салбарт ажиллагсад шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргавал 24 сар хүртэлх хугацаанд 50 хувийн хөнгөлөлт эдлүүлэх, ажил олгогчийн төлдөг шимтгэлийн цалингийн дээд хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүүлэх зэрэг зохицуулалтууд багтсан.
Энэхүү тэтгэврийн реформ нь төсөвт 2.4 их наяд төгрөгийн ачаалал үүсгэх хэдий ч Засгийн газар үүнийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Төсвийн хэмнэлт хийх, Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, үр ашиггүй 14 төрийн өмчит компанийг татан буулгах, олон улсын менежментийн баг оруулж ирэх зэргээр эх үүсвэрийг бүрдүүлнэ. Хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар яаралтай хэлэлцүүлэн батлуулж, төсвийн тодотгол болон ирэх оны төсөвт суулган хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.