Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээг төрөлжүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээг төрөлжүүлнэ
Дауны хам шинжтэй хүний асран хамгаалагчдын анхдугаар үндэсний чуулга уулзалт “VOICES UNITED” арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам, Монголын Дауны холбоо хамтран Австралийн засгийн газрын дэмжлэгтэй зохион байгуулж байна.
 
Монгол улсад 2025 оны байдлаар 107.0 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 орчим хувийг эзэлж байна. Үүнээс 15,6 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд энэ нь нийт хүүхдийн 1,2 орчим хувийг эзэлж байна.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээг төрөлжүүлэх, хэрэгцээ шаардлагад нийцүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ГБХНХЯ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа юм. 
 
Хүүхдийн нас насны онцлогт тохирсон эрт үеийн хөгжил, эрт илрүүлгээс эхлээд насанд хүрсэн үедээ тогтвортой ажил эрхлэлт, нийгмийн хамгааллыг цогцоор нь шийдэх, гэр бүлийг чадваржуулах бодлогыг баримтлан хүнийг ураг байхаас эхлэн амьдралын бүхий л үед төрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн системийн зураглал буюу амьдралын зураглалыг боловсруулан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаад байгаа юм.
Өнөөдрийн чуулга уулзалтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ насны ангиллаар бүлгийн хэлэлцүүлгүүд өрнүүлж, тулгамдсан асуудал, туулсан замнал, сорилтоо ярилцаж, “Хүртээмжтэй боловсрол ба гэр бүлийн дэмжлэгийн тогтолцоог сайжруулах зөвлөмж” гаргах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.