АНУ, Хятадын тагнуулын ажилтнуудын удирддаг 13 хуурамч цахим хуудсыг хураан авлаа
АНУ-ын Хууль зүйн яам болон Холбооны мөрдөх товчооноос Хятадын тагнуулын ажилтнуудын удирддаг 13 цахим хуудсыг 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хураан авснаа албан ёсоор мэдэгдлээ.
Эдгээр цахим хуудсыг АНУ-ын засгийн газрын одоогийн болон хуучин ажилтнууд, цэргийн албан хаагчид, нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй харьцдаг хүмүүсийг онилж, нууц мэдээлэл олж авах далд ажиллагаанд ашиглаж байжээ.
Холбооны мөрдөх товчооны 78 хуудас бүхий мэдүүлэгт дурдсанаар, 2023 оны арваннэгдүгээр сараас 2025 оны аравдугаар сарын хооронд бүртгэгдсэн дээрх цахим хуудсууд нь хүний нөөц, зөвлөх үйлчилгээний хуурамч компани болон ашгийн бус байгууллагын нэрээр үйл ажиллагаа явуулж байсан байна. Тухайлбал, "Centrik Global Consulting", "Pulse Wave Global", "Gulf Peace Foundation" зэрэг нэрийг ашигласан бөгөөд хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэрэл зураг, хулгайлагдсан хувь хүний мэдээллийг ашиглан хууль ёсны мэт харагдуулдаг байжээ. Гэмт этгээдүүд LinkedIn, Indeed, Upwork зэрэг мэргэжлийн сүлжээнд "Батлан хамгаалахын шинжээч", "Олон улсын харилцааны шинжээч" зэрэг хуурамч ажлын байрны зар байршуулж, хүмүүсийг төөрөгдүүлсэн байна.
Тагнуулын ажилтнуудын гол зорилго нь хялбар аргаар мөнгө олох боломж амлаж, АНУ-ын мэргэжилтнүүдээр төлбөртэй тайлан бичүүлэх, эсвэл цахим ярилцлага хийх нэрийдлээр Хятадын засгийн газартай холбоотой үйлчлүүлэгчдэд нууц мэдээлэл дамжуулах явдал байв. Холбооны мөрдөх товчооны Вашингтон дахь салбарын тусгай төлөөлөгчийн мэдээлснээр, энэ аргаар дор хаяж долоон хүнийг амжилттай элсүүлсэн байна. Хохирогчид гадаад дахь данснаас криптовалютаар сэжигтэй цалин хөлс авч байснаа мэдүүлжээ.
Энэхүү ажиллагаа нь АНУ, Австрали, Канад, Шинэ Зеланд, Их Британи зэрэг улсуудыг багтаасан "Таван нүд" тагнуулын эвслээс гаргасан анхааруулгын дараахан болсон юм. Тус эвсэл 2026 оны зургаадугаар сарын эхээр Хятадын цэргийн тагнуулын байгууллага ажлын байрны цахим хуудсуудаар дамжуулан гишүүн орнуудын эрдэмтэд, батлан хамгаалахын шинжээчид, албан тушаалтнуудыг эрчимтэй онилж байгааг анхааруулж байв.
Вашингтон дахь Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч эдгээр мэдэгдлийг няцааж, "ор үндэсгүй зохиомол зүйл" хэмээн эсэргүүцсэн байна. Энэ үйл явдал нь орчин үеийн тагнуулын ажиллагаанд хиймэл оюун ухаан, цахим сүлжээг хэрхэн нарийн зохион байгуулалттайгаар ашиглаж байгааг харуулсан бөгөөд цаашид үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн албан хаагчдын цахим мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг харуулсан чухал дохио боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.