Тайвань, АНУ-аас авсан пуужингаа Хятад руу харуулж туршжээ
Тайванийн зэвсэгт хүчин 2026 оны зургаадугаар сарын 10-ны лхагва гарагт АНУ-д үйлдвэрлэсэн өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн систем (HIMARS)-ийг эх газрын Хятад руу харсан Тайванийн хоолойд амжилттай туршлаа.
Энэхүү үйл явдал нь тус арал баруун эргээсээ нарийвчлал өндөртэй зэвсэг хөөргөсөн анхны тохиолдол болж байгаагаараа онцлог юм.
Цэргийн сургуулилалт Тайванийн төв хэсгийн баруун эрэгт орших Тайжун хотын голын адагт болсон байна.
Цэргийн төлөвлөгчдийн үзэж буйгаар тус бүс нутгийн шаварлаг эрэг, наран шарлагын газрууд нь Хятадын газар уснаа явагч хүчний халдлага үйлдэж болзошгүй хамгийн өндөр магадлалтай цэгүүдийн нэг юм. Сургуулилалтын үеэр 36 ширхэг багасгасан тусгалтай сургуулилалтын пуужин харваснаас гадна 155 мм-ийн гаубиц, миномёт, танк эсэргүүцэгч пуужин болон Тайванийн өөрийн үйлдвэрийн "Thunder 2000" олон пуужин хөөргөгч системийг ашиглан дайсны дайралтыг няцаах, дуурайлган үзүүлэх ажиллагааг гүйцэтгэжээ.
Энэ удаагийн хээрийн сургуулилалт нь цэргийн хүчнийг хурдан байршуулах болон "буудаад зугтах" тактикийг харуулахад голчлон чиглэсэн байна. Буудах тушаал хүлээн авмагц ачааны машинд суурилуулсан HIMARS системүүд байрлалаа эзлэн, гурван минутын дотор пуужингаа хөөргөж, дайсны радарт өртөх, сөрөг цохилтоос зайлсхийхийн тулд нэн даруй шинэ нуувч руу шилжиж байжээ.
Тайвань өмнө нь 2025 оны тавдугаар сард зүүн эргээсээ HIMARS системийг туршиж байсан хэдий ч энэ удаагийнх шууд Хятадаас тусгаарладаг усан хил рүү чиглэжээ. Энэхүү зэвсэглэл нь АНУ-аас дэмжиж буй "тэгш бус дайны стратеги"-ийн нэг хэсэг бөгөөд арлыг эзлэхэд хэт өндөр өртөгтэй, батлан хамгаалах чадвар сайтай "зараа" мэт болгох зорилготой юм. HIMARS систем нь ойролцоогоор 300 км зайд тусах чадвартай тул эх газрын Хятадын Фүжянь муж зэрэг далайн эргийн бүс нутгууд шууд цохилтын зайд орж байна. Одоогоор Тайвань АНУ-аас 29 ширхэг HIMARS систем худалдан авсан бөгөөд нэмж 82 системийг авах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм.
Эдгээр цэргийн сургуулилалтууд нь Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаа дээд цэгтээ хүртэл хурцадсан эгзэгтэй цаг үед тохиож байна. Бээжингийн эрх баригчид өөрийгөө удирдах засаглалтай тус арлыг салан тусгаарласан муж хэмээн үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд Тайванийн эргэн тойрон дахь агаарын болон усан хил рүү байлдааны хөлөг онгоц, сөнөөгч нисэх онгоцуудаа бараг өдөр бүр илгээх болсон нь бүс нутгийн аюулгүй байдалд томоохон сорилт учруулсаар байна.
Эх сурвалж:
• rfa.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.