Өсвөр насны тамирчныг хөнөөсөн Кармело Энтонид 35 жилийн хорих ял оноов
АНУ-ын Техас мужийн МакКинни хотын Коллин тойргийн шүүх бүрэлдэхүүн 17 настай тамирчин Остин Меткалфын аминд хүрсэн хэргээр 19 настай Кармело Энтонид 35 жил хорих ял оноожээ.
Шүүхийн шийдвэр гаргах үйл явц хоёр цаг хагас орчим үргэлжилсэн бөгөөд шүүгдэгч ялынхаа талыг эдэлсний дараа тэнсэн суллагдах боломжтой болох юм.
Уг эмгэнэлт хэрэг 2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд Фриско хотын Куйкендалл цэнгэлдэх хүрээлэнд болсон хөнгөн атлетикийн тэмцээний үеэр гарчээ. Фриско Сентенниал ахлах сургуулийн сурагч Энтони өрсөлдөгч Фриско Мемориал сургуулийн багийн асарт орж, гарахыг шаардсан үед маргаан эхэлсэн байна.
Гэрчүүдийн мэдүүлснээр, Энтони цүнхнээсээ хутга гаргаж ирэн "Надад хүрвэл юу болохыг хараарай" хэмээн сүрдүүлжээ. Меткалф түүнийг түлхэх үед Энтони цээжин тус газар нь нэг удаа хутгалсан байна. Хөлбөмбөгийн багийн шилдэг хамгаалагч байсан Меткалф эмнэлэгт хүргэгдсэн ч зүрхэндээ авсан хүнд шархны улмаас нас баржээ.
Шүүх хуралдааны үеэр тангарагтны шүүгчид Энтониг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Өмгөөлөгч Майк Ховард үйлчлүүлэгчээ айдаст автсан үедээ өөрийгөө хамгаалах зорилгоор ийм үйлдэл хийсэн гэж мэтгэлцсэн боловч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Харин прокурор Билл Вирски уг үйлдлийг "утгагүй" бөгөөд "гэнэтийн халдлага" гэж тодорхойлоод, хүн түлхсэний хариуд хутгалж болохгүйг онцолжээ. Хэдийгээр олон нийтийн сүлжээгээр хэргийг арьс өнгөний үзэлтэй холбон тайлбарлаж байсан ч хохирогчийн эцэг Жефф Меткалф болон хуулийн багийнхан энэ нь арьс өнгөний асуудал биш болохыг шүүхийн танхимд албан ёсоор мэдэгдсэн юм.
Шүүхээс ял оноох үеэр хохирогчийн эцэг Жефф Меткалф шүүгдэгчид хандан "Чи эцэг эхийнхээ, өөрийнхөө, мөн нийгмийн итгэлийг алдлаа" хэмээн хэлсэн байна. Харин Энтонигийн ээж хүүгийнхээ өмнөөс мэдүүлэг өгсөн цорын ганц хүн байсан бөгөөд хүү нь хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгааг шүүгчдэд уламжилжээ.
Шүүхийн шийдвэр гарсны маргааш буюу 2026 оны зургадугаар сарын 10-нд Энтонигийн хуулийн баг хүн амины хэргийн ялыг эсэргүүцэж, давж заалдах гомдол албан ёсоор гаргаад байна.
Эх сурвалж:
• wdbo.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.