“Хусдаг сугалаа” зохион байгуулсан хэрэгт 23 хүнийг яллагдагчаар татжээ
Олон нийтийн сүлжээнд “Хусдаг сугалааны азтан шалгаруулна” хэмээн шууд бичлэг (live) хийж, иргэдийг залилдаг байсан гадаад, дотоодын иргэдийн хамтарсан бүлэглэлийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж буй билээ. Эл хэрэгт Чингэлтэй дүүргийн Прокурорын газрынхан хяналт тавьж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 23 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэдний нэр дээрх эд хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь тус прокурорын газраас хязгаарласан гэнэ. Уг 23 яллагдагчийг 1700 гаруй хүнд таван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрынхан 2025 оны тавдугаар сард залилах 1545 гэмт хэрэгт хяналт тавьж байсан бол энэ оны мөн үеийн байдлаар 1562 болж нэмэгдсэний дийлэнх нь цахим орчинд үйлдэгджээ. Залилах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, хэргийн тоо буурахгүй байгаагийн зэрэгцээ цахим залилангийн хохирогч болсон иргэдийн тоо өссөөр буй аж.
Тиймээс Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс цахим орчинд иргэдийг залилуулахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Долоо хэмж” нөлөөллийн аяныг зохион байгуулж эхэллээ. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрынхан ч “Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, мэдээллийн эх сурвалжийн үнэн зөв байдлыг нягтлан шалгаж, баталгаатай байгууллага, албан ёсны сувгаар дамжуулан бараа, бүтээгдэхүүн худалдан авч, төлбөр тооцоо хийгээрэй” хэмээн анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.