🔴О.Цогтгэрэл: Ардын хүүхдийн амь нас алдсан асуудалд МАН улс төрийн хариуцлага үүрэх ёстой
Ардчилсан намын ээлжит “4:11” мэдээллийн цаг өнөөдөр болж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн А.Эрдэнэболд нар цаг үеийн улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг, татварын шинэчлэлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-аас таван төрлийн татварыг таван хувь болгох “5:5” бодлогыг танилцуулж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлаар мэдээллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Хүүхдийн амь нас авлигажсан тогтолцоонд хямд үнэлэгдэж байна. Үүнд Ерөнхий сайд улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Эрх баригчдын өөрсдөө дэлгэсэн олон тэрбумын авлигын хэргүүд, 110 сая ам.долларын нүүрсний хулгайн асуудал замхарч, албан тушаалын наймаагаар тохиролцоод өнгөрч байна. Мөн авлигатай тэмцэх Ерөнхий сайдын амлалт бол хоосон сүржигнэл.
Эдийн засгийн хямрал, үнийн өсөлтийг "халууралт"-тай адил зүйл. Үндсэн шалтгааныг нь эмчлэхгүйгээр аргацааж байна. Үүнийг шийдвэрлэх гарц болгож АН-ын зүгээс “5:5” буюу таван татварыг таван хувь болгох иж бүрэн шинэчлэлийн бодлогыг боловсруулж байгаа. Энэ бодлогын хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), гаалийн татвар, хүн амын орлогын албан татвар (цалингийн татвар), дахин хөрөнгө оруулалт, ажлын байрыг дэмжсэн ААНОАТ зэргийг таван хувь болгох хуулийн төслийг бэлтгэж байна. Татвар нь төсөв бүрдүүлэх, халамж тараах хэрэгсэл биш. Хөрөнгө оруулалт, ажлын байр, бүтээмжийг дэмжих хөшүүрэг байх ёстой. АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар 42 гишүүн бүгд гарын үсэг зурж, нэгдмэл байр суурьтай байгаа. Эрх баригчдын байгуулсан хамтарсан Засгийн газарт АН орох ямар ч сонирхолгүй. Авлигачдын живж буй хөлөг онгоцонд хамт суухгүй. Үнийн өсөлт, авлига, оновчгүй татварын бодлого гурав ард түмнийг туйлдуулж төрийн дарамт болж байна. Удахгүй болох орон нутгийн сонгуульд иргэд хариуцлагатайгаар саналаа өгөх хэрэгтэй гэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Орон нутагт ажиллахад иргэд эрх баригчдын худал амлалт, ядуурал, дарга нарын тансаглалд бухимдалтай байна. Сүүлийн таван жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш их өссөн. Төмсний үнэ 223 хувь, ургамлын тос 117 хувь, үхрийн мах 132 хувь, талх 128 хувиар өссөн. Арван жилийн өмнө 26 мянган төгрөгөөр дөрвөн кг мах авдаг байсан бол өнөөдөр ердөө 980 грамм мах авч байгаа нь иргэдийн худалдан авах чадвар хэрхэн унасны илрэл болж байна. Махны үнийн өсөлтөөс шалтгаалж малын хулгайн гэмт хэрэг огцом нэмэгдсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.