Үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна. Уулзалтад ХХААХҮ-ийн салбарын 200 шахам ахмад ажилтан, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн төлөөлөл бүхий 800 орчим салбарын мэргэжилтэн, албан хаагчид оролцож байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүнээр ажиллаж буй хугацаанд хэрэгжүүлсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийн үр дүн, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж байна. Уулзалтаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг бодлогын болон санхүүгийн дэмжлэгээр хангахад түүхэн үүрэг гүйцэтгэж байгаа" гэв.
Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” хөдөлгөөнүүдийн хүрээнд бий болсон үр дүнг дараагийн шатанд гаргаж, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн гол зорилт болохыг тэмдэглэв.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 онд ноолуурын үйлдвэрлэлд 450 тэрбум төгрөг, ноосны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 35 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа бөгөөд үүний үр дүнд хаврын бэлтгэлийн хүрээнд 5000 орчим тонн ноолуурыг малчдаас худалдан авч, үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлээд байна. Мөн малчдын эрсдэлийг бууруулж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд 1000 гаруй багт ногоон тэжээл тариалах “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавигдсан бааз, суурь, амжилтыг улам өргөжүүлж, дараагийн шинэ шатны зорилтыг тодорхойлж, цаг алдалгүй хэрэгжүүлэх нь манай салбарын ирээдүйн хөгжлийн хурдасгуур, үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд гаргах чухал хөшүүрэг болохыг сайд онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.