“Тарбозавр Батаар” тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворууд Францаас эх орондоо ирлээ
Монгол Улсаас хууль бусаар хил дамнасан палеонтологийн ховор олдворууд болох 50 гаруй ширхэг, харьцангуй бүрэн бүтэн "Тарбозавр батаар"-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас эх оронд нь өчигдөр эргүүлэн авчирлаа.
Энэхүү үйл явц нь 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын холбогдох байгууллагуудын хүчин чармайлт төдийгүй Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын дэмжлэг, тус улс дахь ЭСЯ, хамтын ажиллагааны үр дүнд шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, олдворуудыг эх орондоо бүрэн хүлээн авч байна.
Францын гааль болон хууль сахиулах байгууллагууд олон улсын эрх зүйн туслалцааны хүрээнд эдгээр олдворыг анх хураан авсан бөгөөд Францын Засгийн газраас ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, олдворуудыг Монгол Улсад үл маргах журмаар шилжүүлэн өгөхөд онцгой анхаарал хандуулж, бүх талын дэмжлэг үзүүлсэн байна.
Үүнд, Монголын говиос олддог, 70 орчим сая жилийн тэртээд амьдарч байсан махчин үлэг гүрвэл Тарбозавр батаар (Tarbosaurus bataar) болон бусад палеонтологийн өндөр ач холбогдолтой олдворууд багтсан юм. Эдгээр ховор олдворыг шинээр ашиглалтад орох "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей"-н Палеонтологийн хэсэгт байрлуулж, олон нийт, судлаачдын хүртээл болгох юм.
Үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас эх орондоо аюулгүй тээвэрлэн авчрахад ЮНЕСКО-гоос санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний тээвэрлэгч “МИАТ” ХК болон “Туушин” ХХК, түүнчлэн энэ хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Франц Улсын Засгийн газар, Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Эрүүгийн цагдаагийн алба, Гаалийн Ерөнхий газар, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн судлаач, эрдэмтдэдээ гүн талархал илэрхийлэх нь зүйтэй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.