Стандарт, хэмжил зүйн газар БНХАУ-тай хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө баталгаажууллаа

Стандарт, хэмжил зүйн газар БНХАУ-тай хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө баталгаажууллаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэнтэй албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2029)”-г баталгаажууллаа. 

Талууд 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжсэнээр стандартын байгууллагуудын харилцаа, үйл ажиллагаа өргөжих бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг боловсруулж байгааг дурдлаа. 

389288f4bf7b48038f0420d12f0caccf

Хууль батлагдсанаар хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж, стандартчилал, итгэмжлэлийн салбар шинэ түвшинд хөгжих боломжтой гэв. Түүнчлэн, Монгол Улс стандартын салбарт шинэчлэл хийхээр холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэн найруулж байна. 

Мөн хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ Эдийн засгийн тусгай бүсээр дамжуулан экспортлохоор хүлээж байгаа учраас хоёр улсын хооронд зурагдсан санамж бичиг, одоо зурагдаж буй төлөвлөгөөг нэн даруй ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага байна гэлээ. 

БНХАУ-ын Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газрын дарга Луо Вэн цаашид стандартчиллын салбарт тогтвортой, байнгын механизм ажиллуулж, стандартын тухай мэдээллийг харилцан судалж, цаг тухай бүрд солилцох, мэргэжилтнүүдээ сургах хэрэгтэй байгааг тодотголоо. Түүнчлэн хоёр улс чанарын баталгаажуулалтаа хангаж, худалдааны тарифын саадыг арилгах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд бэлэн буйгаа илэрхийлж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.