Вашингтонд COP17 болон тал хээрийн төлөвлөгөөний хэлэлцүүлэг боллоо

Вашингтонд  COP17 болон тал хээрийн төлөвлөгөөний хэлэлцүүлэг боллоо

АНУ-ын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Монгол Улсын санаачлан хэрэгжүүлж буй Тал хээрийн төлөвлөгөө (STEPPE Action Agenda)-ний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. 

Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Дэлхийн банкны бүлэг, Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил (IYRP)-ийн Нарийн бичгийн дарга нарын газар, The Nature Conservancy (TNC) болон бусад байгууллагын төлөөлөл оролцжээ.

Энэ үеэр "Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга, Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга" зэрэг тэргүүлэх хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уриалга дэвшүүлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид газрын доройтолтой тэмцэх, бэлчээрийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолж, Тал хээрийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх санаачилгуудыг дэмжих, хөрөнгө төвлөрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. 

2d830b366d304aa48e75dd043ac58319

Мөн 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулах, түүний бодлогын өвийг бодит үр дүн, хөрөнгө оруулалт, урт хугацааны түншлэлээр баталгаажуулахын төлөө хамтран ажиллахаа талууд илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.