Ховд аймгийн хэмжээнд бүх нийтийн арга хэмжээ, баяр наадмын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж Ховд аймгийн Булган, Үенч сумдад халдварласан малын гоц халдварт САТ-1 шүлхий өвчний тархалт, нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажилтай танилцлаа.
Сүүлийн мэдээллээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шүлхийн САТ1 хэвшил нэмж бүртгэгдсэн байна. Тиймээс Ховд аймгийн Онцгой комиссоос тус сумтай хил залгаа сумдад урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд нийт 10 голомтод 96 өрхийн 838 мал өвчилжээ. Үүнээс хоёр суманд нийт 597 толгой малыг устгалд оруулсан, Булган сумын 248 малыг тодорхой шалтгааны улмаас устгалд оруулаагүй байна.

Хяналтын постуудын 10 цэгээр нэвтрүүлэх авто тээврийн хяналтын системийг нэвтрүүлж иргэдийг хүнсний хомсдолд оруулахгүйгээр мах сүүний нийлүүлэлтийг зургаан сумаас нийлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан хүдрийн тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.
Ховд аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан болон бүх нийтийн арга хэмжээ хурал, зөвлөгөөн, тэмцээн, баяр наадмын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Аймгийн Засаг даргын 2026 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн А/423 захирамжаар хорио цээрийн дэглэм, зургаадугаар сарын 8-ны өдрийн А/427 захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.
Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулах үйл ажиллагааны нэн тэргүүнд шаардлагатай зардалд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 50 сая төгрөгийг шийдвэрлэж, устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг хууль, журмын дагуу яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

САТ1 хэвшлийн вирус сүүлийн жилүүдэд Европ, Ойрхи Дорнод, Азийн зарим оронд тархаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд тухайн хэвшилд тохирсон вакцины эрэлт нэмэгдсэн байна. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ шуурхай ажиллаж, ОХУ-ын үйлдвэрлэгчтэй хэлэлцээр хийж САТ1 хэвшлийн эсрэг 1.0 сая тун вакцин худалдан авахаар тохиролцжээ. Ирэх лхагва гарагт вакцины эхний нэг сая тун Монгол Улсын хилээр орж ирэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.