Жеффри Эпштейн загварын агентлагуудыг ашиглан охидыг элсүүлдэг байсныг илчлэв
АНУ-ын Хууль зүйн яамны нууцаас гаргасан баримтуудад тулгуурлан CNN агентлаг, Германы "Der Spiegel" сэтгүүл болон ZDF телевизийн хамтран явуулсан эрэн сурвалжлах ажиллагаагоор бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан Жеффри Эпштейн болон олон улсын загварын агентлагуудын хоорондын нууц холбоог илрүүлжээ.
2026 оны зургаадугаар сард нийтлэгдсэн уг тайланд дурдсанаар, загварын агентлагийн скаут (авьяаслаг загвар өмсөгчдийн олж нээдэг мэргэжилтэн)-ууд болон ажилтнууд Эпштейнд гадаадын залуу эмэгтэйчүүд болон өсвөр насны охидыг зуучлан хүргэдэг байсан нь тогтоогдсон байна. Энэхүү хууль бус сүлжээ нь Эпштейнийг 2008 онд бэлгийн хүчирхийллийн хэргээр ял шийтгүүлсний дараа ч идэвхтэй ажилласаар байжээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олж авсан баримтуудаас үзвэл, загварын агентлагийн удирдлагууд болон скаутууд Эпштейнд залуу охидтой уулзах боломжийг олгодог байсан бөгөөд үүний хариуд санхүүгийн дэмжлэг, өндөр түвшний ажил хэргийн холбоо сүлжээ болон АНУ-ын виз авахад туслалцаа авдаг байжээ.
CNN агентлаг Эпштейнтэй тогтмол холбоотой байж, охидыг зуучилдаг байсан загварын салбарын зургаан гол агентлагийг тогтоосон байна. Тэдний хооронд солилцсон цахим захидлуудад өсвөр насны охидыг "бэлэг" хэмээн тодорхойлж, Скандинавын 16-17 настай охидын бүлгийг "ирэх жил бэлэн болно" гэх зэргээр бичсэн байжээ.
Энэхүү сүлжээний гол төвд Шведийн болон Францын загварын скаут Даниэль Амар Сиад байсан нь илэрсэн юм.

"What's Up Management" агентлагт ажиллаж байсан түүний нэр нууцаас гаргасан баримтуудад 1000 гаруй удаа дурдагдсан бөгөөд тэрээр Зүүн Европ, Франц, Скандинавын залуу загвар өмсөгчдийн гэрэл зураг, биеийн харьцааг Эпштейн рүү тогтмол илгээдэг байжээ. Сиад 2014 оны долоодугаар сард бичсэн захидалдаа өөрийгөө "загасчин"-тай зүйрлэж байсан бөгөөд сэтгүүлч Кэти Полглас түүнтэй биечлэн уулзаж асуулт тавихад тэрээр Эпштейнд итгэдэг байсан бөгөөд ямар нэгэн хүчирхийллийн талаар мэдээгүй хэмээн өөрийгөө өмгөөлсөн байна.
Одоогоор Сиад Франц улсад шалгагдаж байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар сард загвар өмсөгч асан Эбба П. Карлссон түүнийг 1990 онд Канн хотод хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүхэд гомдол гаргажээ.
Түүнчлэн АНУ-ын Хууль зүйн яамны баримтууд 11 жилийн өмнө сураггүй алга болсон Германы загвар өмсөгч "Мишель"-ийн хэрэгт шинэ сэжүүр гаргаж ирлээ. Тэрээр 2015 оны есдүгээр сард 22 настайдаа гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд тухайн үед насанд хүрсэн иргэн байсан тул Германы цагдаагийн газар идэвхтэй эрэн сурвалжлах ажиллагаа явуулаагүй байна. Гэвч Даниэль Сиад 2014 оны хоёрдугаар сард Дубайд авхуулсан Мишелийн зургийг Эпштейн рүү илгээж, дараа нь "Германаас ирсэн, чиний алдсан охин байна, чамд таалагдах болно" хэмээн бичиж байсан нь илэрчээ. Хэдийгээр тэднийг биечлэн уулзсан гэх баримт олдоогүй ч энэхүү шинэ мэдээлэл нь Германд хэргийг дахин шалгах шаардлагыг бий болгож, түүний ээж охиноо амьд байгаа гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.
Энэхүү эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд ил болсон баримтууд нь загварын салбарын нөлөө бүхий хүмүүс өөрсдийн эрх ашгийн төлөө залуу охидыг хэрхэн золиосолж байсныг харуулж байна. Олон улсын хууль хяналтын байгууллагууд болон хохирогчдын ар гэрийнхэн энэхүү хэрэгт холбоотой скаутууд болон агентлагуудын удирдлагуудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа бөгөөд цаашид энэ чиглэлээр шинэ мөрдөн байцаалтууд эхлэх төлөвтэй байна.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.