"Йемений Хүн-аалз" хочит экстрим уулчин галт уулын тогоо руу унаж амиа алджээ
Йемен улсын өмнөд хэсэгт орших Харадха Дамт хэмээх унтарсан галт уулын тогоо руу алдартай экстрим тамирчин, ууланд авирагч Аль-Каака Антар аль-Абси унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг 2026 оны зургаадугаар сарын 12-ны баасан гарагт гарчээ.
Нийгмийн сүлжээнд “Йемений Хүн-аалз” хэмээн алдаршсан 30 настай залуу галт уулын эгц цавчим ханаар хамгаалалтын хэрэгсэлгүй авирч байхдаа хөл алдан, 31 метрийн өндрөөс тогооны ёроол руу унасан байна. Түүний унаж буй аймшигт агшин тухайн үед үзүүлбэрийг нь үзэж сонирхохоор цугларсан жуулчид болон хөгжөөн дэмжигчдийн нүдэн дээр болжээ.
Осол гарсны дараа Йемений Иргэний хамгаалалтын албаныхан эрэн хайх, аврах ажиллагааг нэн даруй эхлүүлсэн байна. Галт уулын тогооны гүн нь 120 орчим метр бөгөөд ёроолд нь хүхэрт халуун ус байдаг тул аврагчдад ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байжээ. Түүнчлэн эгц цавчим хадан хясаа, бартаа ихтэй газар нутаг нь ажиллагааг удаашруулахад хүргэсэн байна.
Аврагчид тусгай усанд шумбах хэрэгсэл, уулын авиралтын тоног төхөөрөмж болон холын гэрэлтүүлэг ашиглан бараг 24 цагийн турш тасралтгүй ажилласны эцэст бямба гараг буюу зургаадугаар сарын 13-ны өдөр талийгаачийн цогцсыг тогооны ёроолын халуун уснаас гаргаж авчээ.
Антар аль-Абси нь ямар ч хамгаалалтын олс, тусгай тоноглолгүйгээр, тэр байтугай ихэнхдээ хөл нүцгэн эгц хаданд авирдгаараа орон нутагтаа төдийгүй цахим орчинд ихээхэн танигдсан нэгэн байв. Тэрээр өөрийн амь насанд аюултай үзүүлбэрүүдээ жуулчдад зориулан үзүүлдэг байсан бөгөөд энэ удаагийн авиралт нь түүний сүүлчийнх болжээ. Осол болох үед түүнийг дэмжиж байсан олон арван хүн гар утсаараа бичлэг хийж байсан бөгөөд уг бичлэгүүд нийгмийн сүлжээгээр хурдацтай тархаж, хүмүүсийг цочирдуулаад байна.
Талийгаач амьд ахуйдаа өгч байсан ярилцлагадаа ийм аюултай алхам хийх болсон шалтгаанаа туйлын ядуу зүдүү амьдралтайгаа холбон тайлбарлаж байжээ. Тэрээр жуулчдаас бага хэмжээний мөнгө авч, Дамт галт уулын тогооны эгц ханаар ямар ч хамгаалалтгүй авиран, шохойгоор жуулчдын нэрийг хадан дээр бичиж өгөх зэргээр амьжиргаагаа залгуулдаг байсан аж.
Эх сурвалж:
• news.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.