Д.Сумъяабазар: Хотын сонсгол нийслэлийн эрх зүйн чадамж, эдийн засгийн бие даасан байдлыг сулруулах бус, улам бататгах ёстой шүү

Д.Сумъяабазар: Хотын сонсгол нийслэлийн эрх зүйн чадамж, эдийн засгийн бие даасан байдлыг сулруулах бус, улам бататгах ёстой шүү
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороон дээр Нийслэл хотын эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар дараах мэдэгдлийг өөрийн цахим хуудастаа оруулжээ.
 
Тэрбээр, Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа би нэг зүйлийг тууштай хэлж, хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Тэр нь нийслэл хотыг зөвхөн төсөв хуваарилуулж амьдардаг захиргааны нэгж биш, харин өөрийн эдийн засаг, санхүүгийн чадамжтай, хөгжлийн бодлогоо тодорхойлдог эрх зүйн бүрэн чадамжтай хот болгох зорилт байсан.
 
Сүүлийн 28 жилийн хугацаанд нийслэл хот эдийн засгийн хувьд бие даасан тогтолцоогүй, өөрийн эрх мэдэл, санхүүгийн чадамж нь хязгаарлагдмал явж ирсэн. Энэ зорилгын төлөө сүүлийн зургаан жилд, ялангуяа 2020 оноос хойш эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийгдэж, хотын бие даасан байдлыг бэхжүүлэх алхмууд тавигдсан. Энэ нь хэн нэгэн албан тушаалтны төлөө биш, нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөө хийсэн шинэчлэл байлаа. Улс төрийн олон сорилт, эсэргүүцэл, шалгуурыг давж байж өнөөдрийн энэ суурь тавигдсан юм.
 
Өнөөдөр хотын төсөв, эдийн засгийн асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг. Харин энэ үйл явц хотын эрх зүйн чадамж, эдийн засгийн бие даасан байдлыг сулруулах бус, улам бататгах чиглэлд өрнөх учиртай.
 
Хот хүчирхэг байх тусам иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна. Хот санхүүгийн хувьд бэхжих тусам улсын эдийн засаг тэлнэ. Тиймээс олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон эрх зүйн шинэчлэлийн ололтыг хамгаалж, улам хөгжүүлэх нь өнөөдрийн бидний нийтлэг зорилго байх ёстой.
 
Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш. Хот бол өөрийн эдийн засагтай, санхүүгийн чадамжтай, иргэддээ үйлчилдэг, хөгжлөө өөрөө тодорхойлох эрх зүйн боломжтой бие даасан институци байх ёстой.
 
Хот хүчтэй байж улс хүчтэй болно. Нийслэл бие даан хөгжиж чадвал Монгол Улсын хөгжил ч илүү хурдацтай урагшилна.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Улаанхүү 12 минут
Нийслэл төсвөө өөрөө зарцуулдаг болохыг Сумяабазар хэрэгжүүлсэн тэгсэнийхээ үр дүнд ногоон автобусны хэрэг зохион байгуулалтай хоронд өртөж ажилаасаа зайлуулагдсан, тэгээд Амарбаясгалан өөрийн түшиг тулгуур болох Нямбаатарыг маш хурднаар нийслэлийн засаг дарга болгосон энэ нь нийслэлийн төсвийн асар их мөнгөөр гараа угаах боломжыг хулгайч нарт бүрдүүлж өгсөн нь илэрхий байгаа, хамгийн гол нь нийслэлийн төсвийн мөнгө гэж монгол усын төсөвтэй зүйрлэхээр асар их мөнгө байдаг юм байна, тэр их мөнгөний үйлчлэлээр монгол улс улаанбаатар ба бусад нь гэсэн хоёр хэсэгт хуваагдаж хоёр ерөнхий сайдтай юм шиг болж хөл толгойгоо алдаж ирсэн, тийм болохоор хүн амын ихэнх нь оршин суудаг маш их төвлөрөл агуулдаг нийслэлийг бие даасан болгож байгаа нь, манай улс шиг хууль бус засгийн газартай, жинхэнэ утгаараа ямар ч төр үгүй улсад боломжогүй гэдэг ойгомжтой болсон шүү дээ,тэгэхлээр нийслэлийн төсвийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх нь зайлшгүй шаардлагатай, манайх шиг засаг хулгайгаагаа хянаж чадамжгүй эрх орчинтой улсад төсөв мөнгөний бодлог дээр тун болгоомжтой байх нь л чухал.