БНХАУ-аас мал амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцин нийлүүлнэ

БНХАУ-аас мал амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцин нийлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Төрийн ордонд бараалхлаа. 

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын талаар танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хил гаалийн хорио цээрийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх, хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал, санаачилга, хамтын ажиллагааг хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. 

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтлах бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ган үйлдвэрлэлийн цогцолбор, зэсийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, хөнгөн цагаан үйлдвэрлэх зэрэг төслүүдийг урагшлуулах зорилт тавьж буйг мэдээлэв.

cfbfaf3e4b6b47689c5f91ae93c7b0fc

Монгол Улсын баруун аймгуудад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцин нийлүүлэх, Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн Хятадын талд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

Мөн хоёр улсын хөгжлийн стратеги, зорилтуудыг уялдуулан хамтын хөгжлийг хурдасгах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистикийн хөгжлийг дэмжих, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлж Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрдэс баялаг, эрчим хүч, түүний дотор сэргээгдэх эрчим хүчний салбар, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийг хамарсан томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй ярилцжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.