Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
Авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, хөдөлгөөний ачааллыг бууруулан, иргэдийн зорчих хугацааг богиносгох зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийн хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц барихаар төлөвлөж, газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
Төслийн эхний байршил болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршилд явган зорчигчийн зам болон дугуйн замын ажлыг бүрэн дуусгаад байгаа бөгөөд нүхэн гарц дээгүүр баригдах 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил мөн дуусжээ. Одоогоор метал гүүрийн үндсэн хийцийн ажлын бэлтгэлийг хангаж байна.
Гүүрэн гарц ашиглалтад орсноор явган зорчигчид төмөр замын хөдөлгөөнөөс ангид, аюулгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэдэд ээлтэй, налуу багатай шийдлээр төлөвлөгдсөнөөрөө онцлог юм.
Төслийн хоёрдугаар байршил болох Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын хүрээнд 28 метр урт, таван метр өндөр туннель бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд өртсөн нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу бүрэн чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг бүрэн хангаад байна.
Харин төслийн гуравдугаар байршил болох “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээд байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (Box Jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгасан бөгөөд одоогоор үргэлжлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм. Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэнэ. Үүний үр дүнд замын саатал буурч, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.