“Эрдэнэс Монгол” нэгдэл ОУВС-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов
“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсгийн ахлагч, Ази, Номхон далайн газрын хэлтсийн Дэд захирал Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон шинэчилж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлага, менежментийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар танилцууллаа.

Шинэчлэлийн хүрээнд тус нэгдэл:
• Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх
• Хөрөнгийн удирдлага хэрэгжүүлэх
• Хөрөнгө оруулалт татах
• Төрийн өмчит уул уурхайн компанийн хувьчлалыг эрчимжүүлэх чиглэлээр ажиллана.
Уулзалтын үеэр баялгийн сангийн засаглал, ил тод байдал, хөрөнгийн удирдлага, компаний бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн хүрээнд ОУВС-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 2025 онд 35 сая тонн коксжих нүүрс, 562 мянган тонн зэсийн баяжмал экспортлов. Мөн стратегийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулах үйлдвэрийн төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Хагас-коксжсон түлшний үйлдвэрийн төслүүдийг урагшлуулж, эдийн засгийн төрөлжилт, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.