Бэлчээр нутгийг хамгаалах уриан дор Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэнэ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын газар 2026 оны "Дэлхийн цөлжилт, хуурайшилттай тэмцэх өдөр"-ийн арга хэмжээг Африкийн Кени улсад зохион байгуулна.
НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил" болгон зарласантай холбогдуулан энэ жил "Бэлчээр нутаг: Хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, нөхөн сэргээх" гэсэн уриан дор өрнүүлж байна. Дэлхийн хэмжээнд бэлчээр нутаг нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байх, хүнс болон усны аюулгүй байдлыг хангах, биологийн олон янз байдлыг хамгаалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн малчин болон уугуул иргэдийн соёлын өв уламжлалыг хадгалан үлдэхэд бэлчээрийн эрүүл байдал чухал болохыг зохион байгуулагчид онцолж байна.
Дэлхийн хуурайшилт, цөлжилттэй тэмцэхэд бэлчээрийн газрын доройтлыг зогсоох нь хамгийн үр дүнтэй аргад тооцогддог. Уур амьсгалын дулаарал эрчимжиж, хүний буруутай үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн даац хэтрэх, хөрсний үржил шим алдагдах асуудал дэлхий даяар тулгарч байна.
Кени улсад болох арга хэмжээний үеэр бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх, уугуул иргэдийн уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны ололттой хослуулах замаар газрын доройтлыг бууруулах шийдлүүдийг хэлэлцэх юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1994 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Цөлжилттэй тэмцэх конвенцыг баталснаар жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн иржээ. Цөлжилт, хуурайшилттай тэмцэх дэлхийн өдөр нь зөвхөн уриа лоозон дэвшүүлэх бус, бодит үйл ажиллагааг идэвхжүүлэх чухал талбар болдог. Кени улсад зохион байгуулагдах уг үйл ажиллагааны үр дүнд улс орнууд бэлчээр нутгаа хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ирээдүйд байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэх юм.
Эх сурвалж:
• gogo.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.