Японд секс аялал жуулчлалын салбарыг эсэргүүцсэн шүүмжлэл ширүүсэв
Япон улсад гадаадын жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрээр тус улсын секс аялал жуулчлал улам идэвхжиж, энэ хэрээр олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулж, улмаар тус салбарын эрх зүйн зохицуулалтыг чангатгах талаар олон нийтийн зүгээс шахалт үзүүлж эхэлжээ.
"The Economist" сэтгүүлийн тайланд дурдсанаар, бэлгийн мөлжлөг нэмэгдэж, улс орны нэр хүнд олон улсад унаж байгаад иргэд, хууль тогтоогчид ихээхэн түгшиж байгаа бол салбарын дэмжигчид үүнийг "эдийн засагт асар их орлого оруулдаг" хэмээн хамгаалж байгаа аж.
Японы секс туризмын салбар нь нийгмийн амьдралд гүн шингэсэн бөгөөд жилд 2-5 их наяд иен буюу 12-31 тэрбум ам.долларын эргэлттэй асар том зах зээл юм. Өдгөө тус салбарт хэдэн зуун мянган эмэгтэй хөдөлмөрлөж байна.
Судалгаанаас үзэхэд Японы насанд хүрсэн эрчүүдийн 48 хувь нь амьдралдаа ямар нэг хэмжээгээр сексийн үйлчилгээний төлбөр төлж байсан нь Их Британитай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм. Орон нутгийн иргэдийн яриагаар, ахлах ажилтан нь хамт олонтойгоо биеэ үнэлэх газруудаар зочлох нь нийгэмд хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрөгддөг байна.
Хууль тогтоогчид урьд өмнө нь энэ салбарт хүлээцтэй ханддаг байсан ч сүүлийн үеийн хоёр гол үйл явдал олон нийтийн дургүйцлийг туйлдуулж, хууль эрх зүйн орчныг эргэн харахад хүргээд байна.
Нэгдүгээрт, өнгөрсөн жил Токиогийн биеэ үнэлэх газарт албадан ажиллуулж байсан 12 настай тайланд охиныг цагдаагийнхан аварсан нь хүн худалдаалах гэмт хэргийн ноцтой асуудлыг ил болгосон юм. Хоёрдугаарт, Токиогийн улаан дэнлүүний дүүргийн ойролцоох Окубо цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд гудамжинд ил задгай биеэ үнэлэх эмэгтэйчүүдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн нь иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж байгаа аж.
Эдийн засгийн хүндрэлүүд нь нутгийн эмэгтэйчүүдийг энэ салбар руу түлхэх гол шалтгаан болж байна. Тухайлбал, Токио хотод амьдардаг өрх толгойлсон эх, 34 настай Май цар тахлын үеэр эмнэлгийн ачааллаас болж ажлаасаа гарч, гэр бүлээ тэжээхийн тулд "дэрихэру" буюу дуудлагын биеэ үнэлэгчээр ажиллах болжээ. Тэрээр хоёр цагийн үйлчилгээ үзүүлээд 30,000 иен буюу ойролцоогоор 190 ам.доллар олдог бөгөөд энэ нь санхүүгийн хямралтай үед эмэгтэйчүүдэд өндөр ашиг авчирч байгаа харуулж байгаа юм.
Цаашид, Японы засгийн газар болон хууль тогтоогчид бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхийн зэрэгцээ аялал жуулчлалын өсөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг хэрхэн зохицуулах вэ гэдэг амаргүй сорилттой тулгарч байна. Олон нийтийн зүгээс шахалт үзүүлж байгаа тул салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг чангатгах, гудамж талбайд биеэ үнэлэхийг хязгаарлах арга хэмжээнүүд ойрын хугацаанд хэрэгжиж магадгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.