Нийслэлийн 2026 оны төсөвт тодотгол хийж, өвөлжилт болон суурь үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн 2026 оны төсөвт тодотгол хийж, өвөлжилт болон суурь үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
 
Төсвийн тодотголыг нийслэлд тулгамдаж буй зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, суурь үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор боловсруулжээ. Олон улсын геополитикийн нөхцөл байдлын нөлөөгөөр нефть, шатахууны үнэ өссөн нь нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг нийслэлийн үндсэн үйлчилгээний зардлыг нэмэгдүүлсэн байна.
 
Иймээс эдгээр салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгажээ. Мөн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
 
Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн үр ашиг, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгажээ. Уг төсвийн тодотгол нь дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ батлагдсан төсвийн ерөнхий тэнцлийг хадгалах зорилготой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.