🔴Ц.Сандаг-Очир: Богдхан ууланд ан амьтны экологийн гарц гаргана

AI хөрвүүлсэн

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Амьдарч буй газрынхаа эзэмшлийн гэрчилгээгээ авч чадаагүй иргэдийн асуудал олон жил үргэлжилсэн байна. Тэрээр 150 орчим газрын асуудалтай иргэдийн асуудлыг шийдвэрлэжээ. 

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 

-Өмнөх дөрөв, таван сайдын үед нийтдээ зургаан мянга гаруй иргэний газрын асуудлыг шийдвэрлэсэн. Үүнээс 140-150 орчим иргэний асуудал үлдчихээд байсныг миний бие бүрэн шийдвэрлэсэн. Ингэснээр Зайсан болон Арцатын амтай холбоотой иргэдийн газрын асуудал эцэслэн цэгцэрч байна. Цаашид энэ чиглэлээр Яармаг орчимд газартай холбоотой асуудал дахин яригдахгүй. Бид иргэн бүртэй гэрээ байгуулж, хороо, дүүргийн захиргаанаас нь нотлох баримтыг нь авч тулгасны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа судалгааг нь гаргаж, манай Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран зохион байгуулсан. Хэрэв миний гаргасан тушаал, шийдвэрт багтсан 152 иргэний жагсаалтад нэр нь байгаад газраа авч чадаагүй, ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд надад шууд гомдол гаргах эрхтэй. Тушаалд нэр нь орсон иргэдийн хувьд ямар нэгэн саадгүйгээр газраа ашиглах эрх нь бүрэн нээгдсэн. 

Мөн иргэд газар авмагцаа шууд хашаалдаг байдал байсаар байна. Манай яамнаас баримталж буй бодлого бол амьтдад ээлтэй байх үүднээс хэт өндөр, хурц үзүүртэй хашаа барихыг хориглож байгаа. Үүний зэрэгцээ бид Богдхан ууланд зэрлэг амьтдын экологийн гарц, шилжилт хөдөлгөөн хийх зураглалыг гаргаж байна. Өнөөдөр амьтдын явах бүх замыг хашаагаар хаачихсан учраас зэрлэг амьтад хот суурин газар руу орж, амь насаа алдах тохиолдол их гарч байна.

Хотжсон, суурьшлын бүсүүдэд экологийн гарц гаргах нь маш чухал. Амьтад уул хооронд бэлчих, байршлаа солих боломжийг бүрдүүлэхийн тулд Богд уулын хэд хэдэн байршилд экологийн гарц гаргах ажлын зураглалыг хийж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.