🔴Г.Дамдинням: Оюутолгойн замыг хаах нь эдийн засгийн аюулгүй байдалд халдсан үйлдэл

AI хөрвүүлсэн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал болон уул уурхайн салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр Оюутолгой төсөл нь Монгол Улсын эдийн засгийн бараг 10 хувийг бүрдүүлдэг бөгөөд уурхайн тээвэрлэлтийн замыг хаах нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж буй хууль бус үйлдэл гэдгийг онцлов.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:

-Оюутолгой төсөл нь өдөрт дунджаар 15 орчим тэрбум төгрөгийн орлого олдог. Тээвэрлэлтийг зогсоосноор улсын төсөвт орох өдрийн орлого таван тэрбум төгрөгөөр тасалдаж байна. Энэ хохирол нь нийт ард иргэдэд шууд нөлөөлөх тул хуулийн дагуу хохирлыг нэхэмжлэх ёстой. Ерөнхий сайдын зүгээс Хууль зүйн сайд болон ЦЕГ-ын даргад үүрэг чиглэл өгснөөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас замыг шуурхай нээх ажлыг зохион байгуулж байгаа. 

Тэмцэгчдийн тавьж буй зээлийн хүүг бууруулах шаардлага нь бизнесийн үйл ажиллагааг боомилох замаар асуудлыг шийддэг олон улсын жишиг байхгүй. Бүх асуудлыг ширээний ард, хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх ёстой. Засгийн газрын зүгээс Оюутолгойн зээлийн хүүг бууруулах, ногдол ашиг авах хугацааг наашлуулах зэрэг асуудлуудыг шат дараатай хэлэлцэж байгаа. Менежментийн төлбөрийг бууруулах асуудлыг шийдвэрлэсэн. Монгол Улс өөрөө тус уурхайн 34 хувийг эзэмшдэг тул уурхайн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах нь улсын эрх ашигт нийцэхгүй_ 

Дэлхийн жишигт уул уурхайн төслүүд хууль ёсны зөвшөөрлөөс гадна орон нутгийн иргэдийн итгэлийг хүлээх буюу "Нийгмийн зөвшөөрөл" авах шаардлагатай байдаг. Өмнө нь уул уурхай ажиллаж байгаа орон нутагт шууд үр өгөөж бага ирдэг байсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах гол шалтгаан болж байсан.

Энэ алдааг засахаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барисан. Шинэ хуулиар хариуцлагатай уул уурхайг дэмжиж буй аймаг, сумдад ногдох АМНАТ-ийн хувийг нэмэгдүүлж, орон нутгийн төсвийн орлогыг шууд өсгөх зохицуулалтыг тусгасан. Ингэснээр уул уурхайн үр өгөөж орон нутгийн иргэдийн амьдралд бодитоор мэдрэгдэж, үл ойлголцол цэгцрэх боломж бүрдэнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.