Г.Дамдинням: Москвад шатахууны хомстолтой байгаа ч манай улсад нөөц аюултай түвшинд хүрээгүй

Г.Дамдинням: Москвад шатахууны хомстолтой байгаа ч манай улсад нөөц аюултай түвшинд хүрээгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр шатахууны асуудлаар мэдээллийг өглөө. Түүний хэлснээр, өнөөдрийн байдлаар манай улсын шатахууны нөөц аюултай түвшинд хүрээгүй, хангалттай байгаа бөгөөд нөөц агуулах сав дүүрэн байгаа аж.

Гэсэн ч дэлхийн геополитикийн хурцадмал байдал, ОХУ, Украины дайн үргэлжилж буй энэ цаг үед цаашид нөхцөл байдал тодорхойгүй байгааг нуусангүй.

Тэрбээр “Үнэнийг хэлэхэд, сүүлийн нэг жилийн хугацаанд ОХУ-ын талтай нийт найман удаа уулзаж ажиллаж байна. Сар бүр л ОХУ руу явж байна гэсэн үг. Удахгүй зургаадугаар сарын сүүлээр би дахин ОХУ руу явна. Яриа хэлэлцээний хүчинд авч явж байна даа. Чадахаасаа чадахгүй хүртэл хичээнэ ээ” гэсэн юм.

Сайд Г.Дамдиннямын мэдээлснээр ОХУ-ын Москва хотод шатахууны хомстолтой байгаа бөгөөд захын мужуудаар оочир дугаартай, хязгаарлалттай олгож байгаа аж. Монгол Улсын хувьд ОХУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээ хэлцлийн үр дүнд өнөөдрийн байдлаар ОХУ-ын дотооддоо хэрэглэж буй шатахууны зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнээр АИ-92 автобензинийг хэрэглэж буй талаар хойд хөршийн зүгээс илэрхийлжээ.

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас импортолдог бөгөөд нийт хэрэглээний 95 хувийг ОХУ бүрдүүлж байна. Мөн худалдааны гол түнш БНХАУ-аас шатахуун импортлох хүсэлтийг манай улсаас гаргаж байгаа бөгөөд энэ яриа хэлэлцээр үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.