🔴О.Номинчимэг: Электрон тамхийг хортой бүтээгдэхүүн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, дотор орчинд татахыг хориглоно
Дэлхийн хэмжээнд 46 улс электрон тамхийг бүрмөсөн хориглож, 86 улс үнэр, амт оруулагчийг нь хязгаарлах зэргээр хуулиар зохицуулсан байдаг бол Монгол Улс одоог хүртэл ямар ч зохицуулалтгүй байгаа цөөн орны нэг юм. О.Номинчимэг нарын 76 гишүүн Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Хуулийн гол зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, тамхинд орох эрсдэлийг бууруулахад чиглэж байгаа. Монгол Улс олон улсын жишигтэй харьцуулахад хамгийн хямд янжуур тамхитай орнуудын нэгд тооцогдож байна. Үе үеийн Засгийн газар Дэлхийн банк болон олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу тамхины татварыг нэмэгдүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн.
Үүнд шийдвэр гаргах түвшний лобби, эс үйлдэхүй ихээхэн нөлөөлж ирсэн. Иймд татварын бодлогоор дамжуулан тамхины хүртээмжийг хязгаарлах аргыг хэрэгжүүлж, 2030 он хүртэл янжуур тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Орос, Хятад, Солонгос, Казахстан зэрэг орнуудад тамхины үнэ манайхаас 2-3 дахин өндөр байгаа тул татварыг гэнэт бус, жил бүр аажмаар нэмэх замаар далд эдийн засаг үүсэх эрсдэлээс сэргийлнэ.
Өнөөдөр манай улсад электрон тамхи буюу "вэйп"-ний хэрэглээ ямар ч хуулийн зохицуулалтгүй, ердийн хүнсний бүтээгдэхүүн шиг чөлөөтэй борлуулагдаж байна. Шинэ хуулиар электрон тамхийг хортой бүтээгдэхүүн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, дотор орчинд татахыг хориглох, зар сурталчилгааг хязгаарлах, татвар ногдуулах зэрэг эрх зүйн зохицуулалтад оруулахаар төлөвлөсөн.
Албан ёсны судалгаагаар 2023 оны байдлаар дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи, таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи хэрэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны урьдчилсан тандалтаар энэ үзүүлэлт улам өсөж, ахлах ангийн сурагчдын дунд хэрэглээ 50-60 хувьд дөхөж байна.
Эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийж буй энэ хуулийн шинэчлэлийг аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөн мэт харуулж, олон нийтийг төөрөгдүүлэх хандлагатай байна. УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчид тамхины томоохон компаниудын лобби, бизнесийн ашиг сонирхлоо хойш тавьж, нийт ард түмэн, хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө зоригтой алхам хийх хэрэгтэй.
Мөн манай улсад орж ирж буй электрон тамхины 90 гаруй хувь нь БНХАУ-ын Шиньжаан мужид зөвхөн экспортод зориулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байдаг. Импортын бүтээгдэхүүнд тодорхой стандарт тогтоож, гаалийн болон татварын байгууллагууд үйлдвэрлэгчтэй шууд холбогдон хяналт тавих механизмыг хуульд тусгасан. Энэ нь өмнө нь архи, согтууруулах ундааны хуурамч хэрэглээг татварын акцизаар амжилттай хяналтад оруулсан туршлагад үндэслэсэн үр дүнтэй шийдэл болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.