Шотландын хөгжөөн дэмжигчид юуны учир бухимдав?
Их Британийн нэр хүндтэй "The Economist" сэтгүүл 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй орнуудын төрийн дууллыг хиймэл оюун ухаанаар шинжилсэн нийтлэл гаргасан нь Шотландын хөгжөөн дэмжигчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байна.
Тус сэтгүүл "Хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн үзэн ядагдсан орнууд" гарчигтай нийтлэлдээ Шотланд хөгжөөн дэмжигчийн зургийг ашигласан нь ийнхүү томоохон маргааны эхлэл болжээ.
Судалгааг хийхдээ хүмүүсийн бодит үзэн ядалтыг хэмжихийн оронд хиймэл оюун ухааны технологи ашиглан тэмцээнд оролцож буй 48 улсын төрийн дууллын орчуулгад "дүн шинжилгээ" хийсэн байна. Судалгааны гол зорилго нь аль улсын төрийн дуулалд түүхэн мөргөлдөөн, дайн тулаан болон хуучны дайснуудын тухай сэдэв хамгийн их дурдагдсаныг тогтооход чиглэжээ. Гэвч уг аргачлал нь хөлбөмбөгийн спорт дахь бодит нөхцөл байдалтай нийцээгүйд учир нь байгаа юм байна.
Шүүмжлэгчид болон Шотландын хөлбөмбөгийн хорхойтнууд тус сэтгүүлийн нийтлэлийг сурталчлахдаа Шотландын "Тартан арми" (Tartan Army) хөгжөөн дэмжигчийн зургийг ашигласныг эрс буруутгаж байна. Учир нь судалгааны үндсэн бичвэрт Шотландын тухай ердөө ганцхан удаа дурдсан бөгөөд энэ нь тэдний "Шотландын цэцэг" (Flower of Scotland) хэмээх сүлд дуулалд Английн хаан II Эдуардыг элэглэсэн утгатай хэсэг байдагт тулгуурлан "Шотландыг хамгийн үзэн ядагдсан" мэтээр дүрсэлсэн нь уншигчдыг төөрөгдүүлсэн үйлдэл болсон гэж үзэж байна.
Маргаан дагуулсан нийтлэл нь хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдаж буй хотууд дахь Шотланд хөгжөөн дэмжигчдийн яг одоогийн бодит байдлын эсрэг байгаа байгаа юм. Тодруулбал, АНУ-ын Бостон зэрэг тэмцээн зохион байгуулагч хотуудад Шотландын хөгжөөн дэмжигчид маш найрсаг, эерэг уур амьсгал бүрдүүлж байгааг албаны эх сурвалжууд болон орон нутгийн иргэд өндрөөр үнэлж байгаа аж. Иймд, хиймэл оюун ухааны хийсвэр дүгнэлтээс шалтгаалан үлгэр жишээ, соёлтой хөгжөөн дэмжигчдийг сөрөг байдлаар харуулсанд олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.