Замын-Үүдийн гаалийн удирдах албан тушаалтныг гурван жил хорихоор болов
АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллаж, нэр бүхий хүмүүсийн албан өрөө, гэр, хамаарал бүхий аж ахуйн нэгжийн байранд нэгжлэг хийж, хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсэн. Үүний хүрээнд Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын, Замын-Үүд дэх Гаалийн газрын албан тушаалтнууд нийлсэн 36 хүнийг яллагдагчаар татсан юм. Энэ байгууллагад авлигын шинэ сүлжээ, бүлэглэл бий болсныг тогтоон тусгай ажиллагаа явуулсны дүнд гаалийн татвар, хураамжаас улсын төсөвт орох орлого 123.8 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдээд буй.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Замын-Үүд дэх Гаалийн газарт удирдах албан тушаал хашиж байсан Г.Алтансүх, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Т.Нэргүй нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Г.Алтансүх нь тус гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд Т.Нэргүйгийн бүрдүүлсэн ачаа, бараануудыг нэвтрүүлэхийн тулд байцаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгсөн хэрэгт холбогдсон юм. Ингэж давуу байдал олгосноор нэг ачаанаас л гэхэд 12 нэр, төрлийн барааг гаальд мэдүүлэлгүй нэвтрүүлэхийг завдсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой болжээ. Ийнхүү давуу байдал олгосныхоо хариуд Т.Нэргүйгээс 2025 оны нэгдүгээр сард 10 сая төгрөгийн хахууль авсан аж.
Т.Нэргүй нь 20 орчим аж ахуйн нэгжийн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг нэгэн бөгөөд тэдгээрийн хилээр оруулж ирж буй ачаа, барааг шуурхай шалгуулахын тулд Г.Алтансүхэд хахууль өгсөн хэмээн буруутгагдсан.
Нийслэлийн прокурорын газраас Г.Алтансүхэд Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн хээл хахууль авсан, Т.Нэргүйг 22.5-1-ийн нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүхээс Г.Алтансүхийн нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, нээлттэй дэглэмд гурван жил хорих ял шийтгэлээ. Хахуульд авсан 10 сая төгрөгийг түүнээс гаргуулахаар болов. Т.Нэргүйн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хязгаарлан, 14 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.