🔴Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, эрэг орчмыг цэвэрлэх аян эхлүүлнэ

AI хөрвүүлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэх цэвэрлэгээний их аян өрнүүлэх шийдвэр гарлаа. Үүнд шат дараатай бодлогын ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үеэсээ буюу 2022 оноос Хөвсгөл нуурийг цэвэрлэх ажлыг санаачилан хэрэгжүүлж ирсэн. Үүнтэй холбогдуулан энэ сарын 22-ноос наймдугаар сарын 13-ны хооронд Хөвсгөл нуурын эргэн тойрныг цэвэрлэх хоёр сарын аяныг албан ёсоор зарлалаа. 

Хөвсгөл нуур нь 136 км урт, хамгийн өргөн хэсэгтээ 40 км бөгөөд тус нуураас Эгийн гол эх авдаг. Нуураа хамгаалалтад авч байгаагийн хувьд энэ удаад Хөвсгөл нуур болон Эгийн голыг тойрсон бүх газар нутгийг иж бүрэн цэвэрлэхээр төлөвлөсөн байна. Цэвэрлэгээний аянд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, нутгийн иргэд оролцоно. Нийтдээ 1000 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр 800 гаруй километр газар нутгийг хамарсан цэвэрлэгээг зохион байгуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс монголчууд байгалиа хамгаалах үйлсэд манлайлан оролцох ёстой гэсэн байр суурийг баримталдаг. Бид өөрсдөө байгалиа хамгаалахгүй бол өөр хэн ч бидний өмнөөс ирж хамгаалахгүй. Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувь, Монгол Улсын цэвэр усны нөөцийн 75 хувийг дангаараа бүрдүүлдэг тул маш сайн хамгаалж, арчлах шаардлагатай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар ус, гол мөрнийг хамгаалах чиглэлээр одоогоор зургаан төсөл хэрэгжиж байна. Үүнд Хөвсгөл нуур, Ганга нуур, Өгий нуур, Бумбатын рашаан, Хэрлэн гол, Хэлтгий цагаан нуурыг хамгаалах төслүүд багтаж байгаа юм. Эдгээр төслийн хүрээнд ширгээд байсан Ганга нуур, Хэлтгий цагаан нуур бүрэн сэргэж, Өгий нуурын хамгаалалтын хашааг барьж, судалгааны ажлуудыг хийж байна. Мөн Бумбатын рашааныг сэргээх ажил бүрэн хэрэгжсэн. Эдгээр нь нэг удаагийн аян биш, урт хугацаанд тогтвортой хэрэгжих бодлого бөгөөд олон улсад нуур хамгаалах монгол загвар болон үнэлэгдэж байна. Үүнээс гадна "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Мазаалай баавгайг аврах хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа юм.

Нуур хамгааллыг усны чанарын болон эргийн хамгаалалт гэж хоёр ангилдаг. Өнгөрсөн жилүүдэд Хөвсгөл нуурын ёроолоос тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж чанарын хамгаалалт хийсэн бол энэ удаад эргийн хамгаалалтад онцгойлон анхаарч байна. Нуурын эргээс 100-150 метрийн радиуст цэвэрлэгээ хийх бөгөөд энэ нь микропластик болон бусад химийн бодисын бохирдлоос сэргийлэх амин чухал ач холбогдолтой юм. Хөвсгөл нуурыг хамгаалах нь Дэлгэрмөрөн, Эг, Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нуур хүртэлх бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах олон улсын ач холбогдолтой үйлс юм.

Мөн Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслол урьдчилсан байдлаар наймдугаар сарын 2-нд болохоор төлөвлөгдсөн. Үүний өмнө наймдугаар сарын 1-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгжийн бохир ус, септик системийн стандартыг хэрхэн сайжруулах, төр, хувийн хэвшил, ТББ-ууд хэрхэн хамтран ажиллах талаар нэгдсэн шийдвэр гаргах юм.

Энэхүү цэвэрлэгээний аян нь Улаанбаатар хот болон бусад аймгийн иргэд, аялагчдад бүгдэд нь нээлттэй. Хөвсгөл нуурыг төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хоггүй, цэвэр байлгах дадал зуршлыг хэвшүүлэхийг зорьж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.