Хотын дарга Б.Пүрэвдагва хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжиж ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд очиж ажилласан газар нь "Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор" байсан юм.
Тэрбээр тус газрыг нэршлээс нь эхлэн өөрчлөхийг холбогдох албаныханд үүрэг болгож, нийслэлийн хүүхдийн зөвлөлийн тэргүүний хувиар хүүхдэд оруулж буй хөрөнгө оруулалтаас гар татаж хойш суухгүй гэдгээ ч мөн амлажээ.
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар тус газрыг “Хүүхэд залуучуудын сургалт хөгжлийн цогцолбор” болгон өөрчиллөө. Хотын дарга Б.Пүрэвдагва тус газарт ажиллах үеэрээ “Хүмүүжлийн” гэх үгэнд хүүхдүүд эмзэг хандана, хуучин нэршил нь хүний эрхийн мэдрэмжгүй учир өөрчилнө гэсэн түүний амлалт ийн биеллээ оллоо.

Цаашид тус цогцолборын барилгыг засварлах, сэтгэл засалч ажиллуулах, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тусгайлан дэмжих юм байна.
"Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хөгжлийн цогцолбор"-т эцэг, эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны 90 хүүхэд, залуус суралцаж, амьдарч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.