Apple компани iPhone гар утасны үнийг нэмэх тухайгаа зарлав
Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук "The Wall Street Journal" хэвлэлд өгсөн ярилцлагадаа санах ойн чипний хомстол болон үнийн өсөлтөөс шалтгаалан iPhone, iPad зэрэг брэндийн гол бүтээгдэхүүнүүдийн үнийг нэмэхээс өөр аргагүй болсныг албан ёсоор мэдэгдлээ.
Тэрээр 2026 оны зургаадугаар сарын 17-ны лхагва гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа хиймэл оюун ухааны (AI) огцом тэсрэлтээс үүдэлтэйгээр санах ойн чипний эрэлт хэт ихэссэн нь хэрэглэгчийн электроникийн зах зээлд хүнд цохилт болж байгааг онцолсон байна.
Үнийн өсөлтийн гол шалтгаан нь технологийн салбарт "RAMageddon" хэмээн нэрлэгдээд буй санах ой (RAM) болон өгөгдөл хадгалах чипний хомстол юм.
Хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг компаниуд дата төвийн серверүүдэд зориулж асар их хэмжээний санах ой худалдан авч байгаа нь үйлдвэрлэгчдийг бизнесийн тоног төхөөрөмжийн чиглэлд анхаарлаа хандуулахад хүргэжээ. Үүний улмаас энгийн хэрэглэгчдэд зориулсан техник хангамжийн нийлүүлэлт эрс хумигдаж, өртөг нь огцом өссөн байна. Apple компани өмнө нь зардлын өсөлтийг өөрсдөө хариуцаж, хэрэглэгчдээ хамгаалж байсан ч одоогийн нөхцөл байдал цаашид ийм байдлаор үргэлжлэх боломжгүй болсныг Тим Кук тайлбарлав.
Тим Кук ярилцлагынхаа үеэр "Харамсалтай нь үнийн өсөлтөөс зайлсхийх боломжгүй боллоо. Бид өөрсдөд ирж буй асар их зардлын дарамтыг бууруулж, хэрэглэгчдээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн боловч одоогийн нөхцөл байдлыг цаашид тогтоон барих боломжгүй болсон" хэмээн хэлжээ.
Хэдийгээр тэрээр үнийн өөрчлөлт яг хэзээнээс эхлэх болон аль загваруудад нөлөөлөхийг нарийн тодорхойлоогүй ч салбарын шинжээчид үнийн өсөлтийн хэмжээг урьдчилан тооцоолсон байна.
"TechInsights" судалгааны байгууллагын шинжилгээгээр Apple компани одоогийн ашгийн түвшнээ хадгалж үлдэхийн тулд удахгүй худалдаанд гарах iPhone 18 Pro загварын үнийг 200-аас 270 ам.доллароор нэмэх шаардлагатай болно. Ингэснээр тус загварын суурь үнэ 1,299 ам.долларт хүрэх магадлалтай юм. Үнийн өөрчлөлт нь 2026 оны есдүгээр сарын 9-ний орчимд зохион байгуулагдах Apple-ийн жил бүрийн намрын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнээс өмнө хэрэгжиж эхэлж магадгүй байна. Тус арга хэмжээгээр шинээр нугардаг загварыг багтаасан iPhone 18 цувралыг танилцуулахаар хүлээж байгаа бөгөөд үүнээс өмнө буюу 2026 оны гуравдугаар сард MacBook-ийн үнийг 400 хүртэлх ам.доллароор нэмээд байсан юм.
Дэлхий даяар өрнөж буй хиймэл оюун ухааны хөгжил болон чипний нийлүүлэлтийн сүлжээний хямрал нь зөвхөн Apple гэлтгүй технологийн салбарын бүхий л тоглогчдод томоохон сорилт болж байна.
Хэрэглэгчид ирэх намар танилцуулагдах шинэ үеийн ухаалаг утас болон таблетуудыг өмнөхөөсөө харьцангуй өндөр өртөгтэйгөөр худалдан авахад сэтгэл зүйгээ бэлтгэх шаардлагатай болж байна.
Цаашид санах ойн чипний нийлүүлэлт тогтворжих хүртэл технологийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөх хандлага хэвээр хадгалагдах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.