Москва руу хийсэн дроны дайралтын хариуд С.Лавров хатуу байр суурь илэрхийлэв
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва болон Оросын бусад бүс нутгуудад хийсэн Украины дроны томоохон дайралтын хариуд өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр хатуу мэдэгдэл хийжээ.
Тэрээр Казань хотноо болсон Орос-АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа, дипломат яриа хэлэлцээ хангалтгүй бөгөөд Украины зэвсэгт хүчний байлдааны чадварт шууд нөлөөлөх цэргийн объектуудад тогтмол, их хэмжээний цохилт өгөх шаардлагатай байгааг онцолжээ.
Энэхүү халдлага нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын нийслэл рүү чиглэсэн хамгийн том хэмжээний, нисгэгчгүй нисэх аппаратын довтолгоо болж бүртгэгдээд байгаа юм байна.
Сайд Сергей Лавров хэлсэн үгэндээ, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн удирдсан "Киевийн террорист" үйл ажиллагааны хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийнхэндээ тогтмол хугацаанд "масс цохилт" өгөх тушаал өмнө нь өгсөн байсныг санууллаа. Тэрээр "Бүх зөв үгс хэлэгдсэн гэж би үзэж байна. Гэхдээ зөвхөн үг хэлэх нь хангалтгүй гэдэгт би аль эртнээс үнэмшсэн" хэмээн тэмдэглэсэн юм.
Оросын зэвсэгт хүчин Украины армийн байлдааны бэлэн байдалд шууд нөлөөлөх дэд бүтцүүдийг онилон цохилт өгөх даалгаврыг биелүүлж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлүүлнэ гэдгийг тэрээр батлав.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын 18 бүс нутгийг хамарсан уг дайралтын үеэр холын зайн тусгалтай 555 Украины дроныг агаарын довтолгооноос хамгаалах системээр устгаж, саатуулсан байна. Зөвхөн Москва мужийн орчимд 190 гаруй (зарим эх сурвалжид 194 гэж заасан) дроныг нийслэл хотод хүрэхээс нь өмнө устгажээ.
Гэсэн хэдий ч зарим дрон агаарын хамгаалалтыг нэвтэрч, Москвагийн Капотня дүүрэгт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгснөөр таван тусдаа цэгт томоохон хэмжээний гал түймэр гарч, үйлдвэрийн гол тоног төхөөрөмжүүд гэмтсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Дроны хэлтэрхийнүүд унасны улмаас Москва хотын захад орших "Мега Белая Дача" болон "Садовод" худалдааны төвүүдэд гал гарчээ. Мөн Люберцы, Электросталь, Чехов, Павловский Посад зэрэг хотуудын орон сууцны барилгууд эвдрэлд өртсөн байна. Халдлагын улмаас Москва мужид 17 хүн бэртэж гэмтсэний дотор хоёр хүүхэд байгаа аж. Үүнээс гадна Москвагийн нисэх буудлуудын үйл ажиллагаа түр зогсож, 520 гаруй нислэг хойшлогдсон буюу цуцлагдаж, 8000 гаруй зорчигч саатахад хүрчээ.
Нөгөө талаас, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Москва болон Ростов мужууд руу хийсэн цохилтыг баталж, үүнийг Оросын зүгээс Украины хотууд болон иргэний дэд бүтцэд хийж буй бөмбөгдөлтийн хариуд авч хэрэгжүүлсэн "туйлын шударга хариу арга хэмжээ" гэж тодорхойлсон байна.
Украины тал Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийг Оросын зэвсэгт хүчнийг түлшээр хангадаг цэргийн ач холбогдолтой гол байгууламж гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү үйл явдал нь хоёр талын мөргөлдөөн улам ширүүсэж, цаашид цэргийн болон стратегийн объектуудад чиглэсэн харилцан цохилтууд тогтмолжих төлөвтэй байгааг харуулж байна.
Эх сурвалж:
• nv.ua
• life.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.