МИАТ: Түлшний үнийн дэлхийн өсөлтөөс шалтгаалан алдагдал хүлээх эрсдэлтэй байна
Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж, Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн төлөөлөл оролцлоо.
Хурлын үеэр танилцуулсан тайланд 2026 онд дэлхийн агаарын тээврийн салбарын зорчигч тээвэрлэлтийн хэмжээ 5.1 тэрбумд хүрч, нийт орлого 1.165 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа ч салбарын цэвэр ашгийн түвшин ердөө хоёр хувь хэвээр байгааг онцолсон байна.
Сүүлийн үеийн геополитикийн хурцадмал байдал, газрын тос болон онгоцны түлшний үнийн өсөлт нь агаарын тээврийн компаниудад томоохон дарамт учруулж буй аж.
IATA-гийн тооцоогоор 2026 онд онгоцны түлшний дундаж үнэ өмнөх оноос 70 хувиар өсөж, компаниудын нийт үйл ажиллагааны зардлын 31.4 хувийг эзлэхээр байна. МИАТ ТӨХК-ийн хувьд түлшний хэрэгцээгээ импортоор хангадаг тул дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлд шууд өртөж байгаа юм.
Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сараас хойш гадаад нисэх буудлуудад нийлүүлж буй түлшний үнэ 100 хувь, дотоодын нийлүүлэгчийн үнэ 68 хувиар өсжээ. Үүний улмаас түлшний зардал компанийн нийт зардлын 33 хувийг эзэлж байна. Мөн агаарын хөлөг, хөдөлгүүрийн засвар үйлчилгээний хүчин чадлын хомсдол, сэлбэг нийлүүлэлтийн доголдол нь үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд МИАТ ТӨХК 2026 оны санхүүгийн үр дүн төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, алдагдалтай ажиллах эрсдэлтэй байгааг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.