🔴Тамхины хяналтын тухай хуулийн төслийг гацаах оролдлого үргэлжилж байна

AI хөрвүүлсэн
🔴Тамхины хяналтын тухай хуулийн төслийг гацаах оролдлого үргэлжилж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлэг ажлын хэсэг санал, дүгнэлтээ эцэслэж чадаагүйн улмаас хойшилжээ.

Үүнтэй холбоотойгоор хууль санаачлагч гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийж, тамхины компаниудын лоббигоор уг хуулийн төслийг зориудаар удаашруулж, гацаах оролдлого явагдаж байгаа талаар мэдэгдэв. Тэдний мэдээлснээр хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн гар дээр очоод нэг жил, ажлын хэсэг байгуулагдаад долоон сар болсон ч ирц бүрдэхгүй байх, хуралдаан бүр дээр маргаан үүсгэх зэрэг шалтгаанаар хэлэлцүүлэг удааширчээ.

Зарим гишүүд төслийг буцаан татах эсвэл намрын чуулган хүртэл хойшлуулах санал гаргасан байна.

Хууль санаачлагчид тамхины бизнес Монгол Улсад жилд нэг их наяд төгрөг орчим эргэлттэй бөгөөд импортлогч, үйлдвэрлэгчдийн ашиг сонирхол нийтийн эрүүл мэндээс дээгүүр тавигдаж байгааг шүүмжиллээ. Мөн Монгол Улсад электрон тамхи буюу вэйпийн татвар тэг хувьтай, зохицуулалт сул байгаагаас өсвөр насныхны хэрэглээ эрс нэмэгдсэнийг онцлов. Зарим төрлийн вэйпээс мансууруулах бодис илэрсэн талаар холбогдох байгууллагуудын шинжилгээний дүн гарсныг ч дурдсан юм.

Түүнчлэн дэлхийн 54 орон электрон тамхинд хатуу зохицуулалт хэрэгжүүлдэг бөгөөд Австралид зөвхөн эмчийн жороор олгодог, Их Британид хүүхдэд чиглэсэн амт, үнэртэй бүтээгдэхүүнийг хориглосон жишгийг энэ үеэр танилцуулсан юм.  Одоогоор уг хуулийн төслийг УИХ-ын 78 гишүүн дэмжин гарын үсэг зурсан бөгөөд хууль санаачлагчид төслийг энэ хаврын чуулганаар багтаан хэлэлцэж батлахыг шаардаж, иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.