Эмээлт эко аж үйлдвэрийн дулааны цахилгаан станцын загвар зураг батлагдлаа

Эмээлт эко аж үйлдвэрийн дулааны цахилгаан станцын загвар зураг батлагдлаа

Нийслэл хотын экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлтийг оновчтой болгох зорилготой “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд байрлах 539 га талбайд хэрэгжиж буй энэхүү төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, бохирдсон бүсийг нөхөн сэргээх замаар үйлдвэрлэлийг орчин үеийн, байгальд ээлтэй технологид шилжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд 24 мвт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барьж байгуулах бөгөөд уг дулааны цахилгаан станцын ерөнхий төлөвлөлт, загвар зураг батлагдлаа. Ерөнхий төлөвлөлт, загвар зургийг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар баталсан юм.

Одоогоор барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлууд хангагдаж байна.  Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн станц нь паркийн дулаан, цахилгаан эрчим хүч болон үйлдвэрлэлийн уурын хэрэгцээг хангана.

Уг станц 7.4 га талбайд хэрэгжиж, нийт 38 үндсэн болон туслах барилга байгууламжаас бүрдэх юм. Үүнд зуухны байр, турбин генератор, түлш хадгалах байгууламж, ус бэлтгэлийн цех, насосны станц, цахилгаан дэд станц зэрэг гол объектууд багтаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.