Монгол сумочдын дуу оруулсан анимэ ирэх сард нээлтээ хийнэ
"Jaadugar:A witch in Mongolia" түүхэн драмын анимэ ирэх долоодугаар сарын 4-ний бямба гарагт албан ёсоор нээлтээ хийхээр боллоо.
Эхний хоёр ангийг багтаасан нэг цагийн тусгай дугаар Токиогийн цагаар 23:00 цагт "TV Asahi" болон "BS Asahi" сувгуудаар цацагдах юм. Түүнчлэн олон улсын "Crunchyroll" платформ уг бүтээлийг 2026 оны зуны анимэ цувралынхаа хүрээнд дэлхий даяар зэрэг дамжуулахаар төлөвлөжээ.
Уг бүтээлийн дуу оруулалтын багт мэргэжлийн сумод идэвхтэй барилдаж буй бөхчүүд оролцсон нь онцлох үйл явдал болж байгаа юм. "Катаонами" дэвжээний сумоч Тамаваши буюу Ичиро Тамаваши болон Тамашохо буюу Манпэй Тамашохо нар дүрүүдэд дуу оруулжээ.
Тодруулбал, Тамаваши агуу эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааны дүрд дуу оруулах бол Тамашохо хүчирхэг, тэвчээртэй дайчны дүрийг амилуулахаар сонгогджээ.
Анимэ бүтээх ажлыг "DAN DA DAN" цувралаар алдаршсан "Science SARU" студи хариуцаж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар Наоко Ямада, найруулагчаар Абел Гонгора ажиллаж байна. Дүрүүдийн сэтгэл зүйн гүн гүнзгий байдлыг илэрхийлэх "Stella" нэртэй нээлтийн дууг Японы алдартай "SEKAI NO OWARI" хамтлаг дуулжээ.
Зохиолч Томато Супын бүтээлээс сэдэвлэсэн уг анимэ нь 13 дугаар зууны түүхэн үйл явдлуудаас сэдэвлэсэн ордоны драмыг өгүүлнэ.
Дүрүүдийн дуу хоолойг Японы шилдэг уран бүтээлчид амилуулсан бөгөөд Ситарагийн дүрд Акира Сэкинэ, Төрөгэнэгийн дүрд Ами Кошимизү, Өгэдэйн дүрд Хиро Шимоно нар дуу оруулжээ. Мөн тус бүтээл нь Франц улсад зохион байгуулагдах 2026 оны Аннесийн олон улсын хүүхэлдэйн киноны наадмын телевизийн бүтээлийн уралдаант хэсэгт шалгарсан байна.
Эх сурвалж:
•
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.