Кабо-Вердегийн хаалгач Возиньягийн ээж хүүгийнхээ тоглолтыг үзэв
Кабо-Верде улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахмад хаалгач, 40 настай Возинья (Жосимар Диас)-гийн 59 настай ээж Ана Кандида Эвора АНУ-д хүрэлцэн ирж, 2026 оны зургаадугаар сарын 21-ний ням гарагт Флорида мужийн Майами Гарденс цэнгэлдэх хүрээлэнд болсон хүүгийнхээ тоглолтыг анх удаа амьдаар үзэж сонирхлоо.
Кабо-Верде улс 2026 оны зургаадугаар сарын 15-ны даваа гарагт Атланта хотод хүчирхэг Испанийн шигшээ багтай 0:0-ээр тэнцэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) түүхэн дэх анхны тоглолтоо хийсэн юм. Тоглолтын дараа хаалгач Возинья ярилцлага өгөхдөө визний саатал болон санхүүгийн боломжгүй байдлын улмаас ээж нь тоглолтыг нь үзэж чадаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн нулимс дуслуулжээ. Түүний ээж, гэр цэвэрлэгч ажилтай Ана Кандида Эвора өмнө нь хэзээ ч гадаад паспорт авч, эх орноосоо гарч үзээгүй байсан аж.
Хаалгачийн сэтгэл хөдөлгөсөн ярилцлага цахим орчинд эрчимтэй тархсаны дараа түүний ээжид туслах дэлхий нийтийн хамтын ажиллагаа эхэлсэн байна. АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын хууль тогтоогчид, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) болон Кабо-Вердегийн хөлбөмбөгийн холбооны албаны хүмүүс шуурхай ажиллаж, түүний гадаад паспорт болон визний бичиг баримтыг маш богино хугацаанд бүрдүүлж өгчээ.
Ана Кандида Эвора 24 гаруй цаг үргэлжилсэн урт замыг туулан АНУ-д ирж, Уругвайн хүчирхэг багийн эсрэг хийсэн тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнгийн суудлаас бахархалтайгаар үзсэн байна. Энэхүү тоглолтод Возинья дахин гайхалтай тоглолт үзүүлж, Кабо-Верде улс Өмнөд Америкийн хүчирхэг Уругвайн шигшээ багтай 2:2-оор тэнцсэн юм.
Энэхүү сэтгэл хөдөлгөм үйл явдал болон түүний үзүүлсэн гайхалтай амжилтын дараа Возинья цахим ертөнцөд маш хурдан алдаршжээ. Түүний Инстаграм хуудасны дагагчдын тоо богино хугацаанд 50 мянга орчим байснаас өсөж, 15 сая давсан байна.
Хөлбөмбөгийн хамгийн том тайзан дээр эх, хүү хоёрын уулзсан энэхүү түүх ДАШТ-ий түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болон үлдэж байна.
Эх сурвалж:
• dawn.com
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.