Нууцаар зураг авах гэмт хэрэгт холбогдох өсвөр насныхны тоо Японд эрс өсжээ
Япон улсад нууцаар зураг авах, бэлгийн шинжтэй бичлэг хийх гэмт хэргийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд үүнд холбогдож буй хүүхэд, өсвөр насныхны эзлэх хувь эрс нэмэгдсэнийг цагдаагийн байгууллагын тоо баримт харууллаа.
CNN агентлагийн 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн мэдээлснээр, тус улсад 2025 оны байдлаар нууцаар зураг авах хууль бус үйлдлийн улмаас 9237 баривчилгаа бүртгэгдсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Хамгийн түгшүүртэй нь, энэхүү бэлгийн хүчирхийллийн шинжтэй хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдүүдийн тоо сүүлийн жилүүдэд бараг зургаа дахин өсжээ.
Япон улс 2023 онд бэлгийн шинжтэй гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжоо шинэчилж, орон нутгийн чанартай дүрмүүдийг нэгтгэсэн улсын хэмжээний "нууцаар зураг авахын эсрэг" иж бүрэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн тус улсад худалдаалагдаж буй бүх ухаалаг гар утаснууд зураг авах үед заавал дуугардаг байх хууль эрх зүйн зохицуулалттай байдаг. Хэдийгээр эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч нууцаар зураг авах нь тус улсын хамгийн түгээмэл бэлгийн гэмт хэргүүдийн нэг хэвээр байна.
Хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон гол шалтгааныг мэргэжилтнүүд ухаалаг утасны хяналтгүй хэрэглээ болон цахим орчинд зураг, дүрс бичлэг хуваалцах сүлжээ хялбар олддог болсонтой холбон тайлбарлаж байна.
Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Сумирэ Нагаморигийн хэлснээр, хүүхдүүд цахим ёс зүй, цахим бичиг үсгийн боловсрол эзэмшихээсээ өмнө ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлж байна. Үүний улмаас тэд зөв бурууг ялгаж сурахаасаа өмнө бусдад хохирол учруулах чадалтай зэвсгийг гартаа оруулдаг байна.
Сурагчид нэг ангийнхныхаа зургийг нууцаар авч, Telegram болон Discord зэрэг платформоор тараах тохиолдол түгээмэл байгааг анхааруулав.
Гэмт хэрэгтнүүдийн насны бүтэц өөрчлөгдөж байгааг шүүхийн шийдвэрээр эмчилгээ хийдэг сэтгэл засалч Дайсүкэ Накамүра баталж байна.
Тэрээр 15 жилийн өмнө түүний үйлчлүүлэгчдийн дийлэнх нь дунд эргэм насны эрчүүд байсан бол одоо дунд, ахлах сургууль болон их сургуулийн оюутнууд тогтмол эмчлүүлэх болсныг онцолжээ. Түүний хамгийн залуу үйлчлүүлэгчид нь 13-14 настай бөгөөд зарим тохиолдолд бага сургуулийн сурагчид ч хандах болсон байна.
Энэхүү хямралын хохирогч болсон "Аяка" хэмээх охины эмгэнэлт түүх олон нийтийг цочирдуулаад байна.
Түүнийг дөнгөж зургаан настай байхад нь усан спортын багш нь анх онилжээ. Багш нь арван гаруй жилийн турш охины бэлэг эрхтэний зургийг нууцаар авч, бичлэг хийн, педофилуудын Telegram группт тараадаг байсан бөгөөд тус группийн гишүүд түүнийг "бурхан" хэмээн өргөмжилдөг байжээ.
Охины гэр бүлийнхэн энэ талаар огт мэдээгүй байсан бөгөөд хоёр жилийн өмнө цагдаагийн байгууллагаас охины царай тод харагдах зургуудыг илрүүлсний дараа л энэхүү аймшигт хэргийг олж мэдсэн байна.
Энэхүү хэрэг явдал нь Япон улсын эрх баригчид, сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүдийн дунд урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах, хүүхдүүдийн цахим боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг сануулсан томоохон дохио болж байгаа аж.
Хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн хохирогч болохоос хамгаалахын зэрэгцээ тэднийг гэмт хэрэгтэн болохоос сэргийлэхэд чиглэсэн цогц хяналт, хариуцлагын тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Эх сурвалж:
• cp24.com
•
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.